2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа өндөр настны тэтгэврийг дараалсан долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. 

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Б.Пүрэвдорж гишүүн тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоолгох хуулийг батлуулах талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Сүхбаатарын талбайд арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 12:00 цагаас долоо биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох тухай хуулийг батлуулахыг шаардаж жагсаал зохион байгуулна. Тиймээс ард иргэд маань олноороо ирж оролцоорой.

Миний зохион байгуулах гэж буй жагсаал Монголын түүхэнд анх удаа ард иргэдийн төлөө хууль батлуулах гэдгээрээ онцлогтой. Өчигдөр намайг энэхүү жагсаалын талаар үг хэлсний дараа Х.Нямбаатар сайд "Жагсаалын чинь аюулгүй байдлыг хангая" хэмээн ярьсан. Энэ санаачилгад нь баярлалаа. Гэхдээ доромж маягтай буюу цөөхөн хүн оролцох нь хэмээн хандаж байх шиг байсан.

Тус жагсаалд хөдөө орон нутаг гэлтгүй бүгд ирээрэй хэмээн хүсье. Мөн зарим хүн 2018 онд тэтгэврээ тогтоолгосон иргэд яах вэ, долоон жилээр тогтоолгочихсон нь хохирч үлдэж байна гэсэн сэтгэгдэлтэй байсан.

Гэвч батлуулах гэж байгаа хуульд өндөр настны тэтгэврийн долоон жилийг таван жил болгох тухай хууль юм. Тиймээс 2018 оноос хойш тэтгэврээ долоон жилээр тогтоолгосон хүний тэтгэврийг буцааж таван жил болгоно.

 Тэтгэвэрт гарчихсан хүмүүс нэгэнт долоон жилээр бодуулчихсан юм чинь гээд хойш сууж болохгүй. Бүгдээрээ хамт тэмцээрэй” хэмээн ярилаа.