2008 оны долдугаар сарын 1-нд хохирсон хүмүүсийн төлөөлөл болон хуульчдын багаас тухайн үед жагсаал зохион байгуулсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Хуульч Ч.Нямсамбуу “2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монголын түүхэнд хар толбо үлдсэн. Тухайн үед намуудын удирдагч нар жагсаалыг турхирч залуучууд, цагдаагийн албан хаагчид хохирогч болж үлдсэн байдаг. Тухайн жагсаалыг зохион байгуулж иргэдийг турхирсан хүмүүс яагаад өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага хүлээхгүйгээр зүгээр явж байна вэ. 

Иймд хохирогчдын төлөөллөөс дараах агуулга бүхий албан шаардлагыг гаргаж байгаа. Тодруулбал, 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж

  • Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж,
  • Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан
  • Иргэний хөдөлгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нар ард түмнийг шударга бус сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж, төрд бухимдсан иргэд Сүхбаатарын талбайд цуглаж эхэлсэн байдаг.

Амар тайван байдлаар эхэлсэн жагсаал сүүлдээ хүчирхийлэл болж, дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан. Мөн ажлаа хийж явсан цагдаагийн алба хаагчид, олон зуун иргэн, гэмтэл авч зарим нь насан туршдаа тахир дутуу болж үлдсэн. 800 гаруй иргэнийг баривчилсан бөгөөд 200 гаруй иргэнд шүүхээс ял оноож, тухайн үеийн цагдаагийн генерал, хурандаа нар эрүүгийн хариуцлага хүлээсэн.

Гэвч үймээний үеэр цагдаа иргэдийг буудаагүй. Хэрэв буудсан бол би хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, жагсаалыг эхлүүлэхийг турхирсан Ц.Элбэгдорж, Ж.Батзандан, О.Магнай нарын хүмүүс өнөөдрийг хүртэл хуулийн хариуцлага хүлээхгүй явж ирсэн. 

Эдгээр хүмүүст гэм буруу байгаа эсэх, байгаа бол түүнийг нь тогтоож, зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, эсхүл гэм буруу байхгүй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу дахин явуулж өгөхийг шаардсан албан шаардлагыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газарт хүргүүлж байна" гэв.