Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-аар баталсан.

Ингэснээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.7 дахь хэсэг нэмсэн. Үүнд:

25.7.Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн энэ хуулийн 21.1-д заасны дагуу ногдох албан татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан. Үүнд:

21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна болгож өөрчилсөн.

Энэ хуулийн өөрчлөлтийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж, мөрдөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.

Тус газраас "Монгол Улсад жилдээ 1 тэрбум төгрөгөөс дээш цалингийн орлоготой 57 иргэн байдаг. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн 1300 иргэний л татвар нэмэгдэж байгаа. 10 сая 100 мянган төгрөгний орлоготой иргэн 10 сая төгрөгдөө 10 хувиар хэвээрээ. Харин давсан орлого 100,000 төгрөгдөө 15 хувиар татвар ногдуулна" гэлээ.

Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.