Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга ажлаа хүлээлгэн өгснөөс хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө.  Ерөнхийдөө ид ажлын цагаар ажлаа цалгардуулаад алга болсон гэсэн үг л дээ.  Х.Баттулгыг танхимаа орхих болоход түүний оронд хэн очих нь олон нийтийн анхаарлын төвд байлаа. Түүнчлэн АН-ын зарим фракциуд хүртэл Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад зүтгүүлэх гишүүдийнхээ нэрийг гаргаад эхэлчихсэн байв.  Мэдээж тэдгээр нэрсийн дотор УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр гэх мэт хүмүүсийн нэр цохиж байв.  Тэр дундаа Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярын нэр нэлээн дээгүүрт тооцогдож байв.  Гэтэл АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа ярилцаж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн юм.  Харин Ерөнхийлөгч Ш.Түвдэндоржийг сайдын албанд томилохоос татгалзсан билээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль буюу тодруулбал “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг төслийг санаачилсан боловч эцсийн хэлэлцүүлэгтээ унаж байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Ш.Түвдэндоржид “давхар дээл” өмгөхөөс татгалзсан нь тодорхой болж байгаа юм. Ерөнхийлөгч хууль  тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн байсан бөгөөд сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг АН-ын зарим гишүүд үл ойшоож байсан төдийгүй “Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлж болно гэхдээ томилгоонд нөлөөлөх боломжгүй” гэдгийг ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэж байсан юм.  Ерөнхийдөө АН-ынхан Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд очих ёстой, үгүй гэдэг дээр санал зөрөлдөж, байр сууриа нэтгэж чадахгүй байсан юм.  Харин Ш.Түвдэндорж энэ талаараа “надад татгалзах зүйлгүй” гэдгээ ч хэвлэлд ярьж байсан юм. Гэтэл Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгад намынх нь гаргасан Ш.Түвдэндорж гэх шийдвэр таалагдаагүй бололтой.  Тэрбээр өөрийг нь орлох хүнийг УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн нэрийг санал болгоод амжсан. Гэтэл үүнийг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээж аваагүй буцаасан.  Тэгвэл АН-ыхан дахиж ярилцаж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд Ш.Түвдэндорж хамгийн их тохирно гэж тооцож байгаа бололтой. Өнгөрсөн баасан гаригт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Шаравдоржийн Түвдэндоржийг томилуулах саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан. Юутай ч АН-ыхан Ш.Түвдэндоржийг хоёр дахь удаагаа сайдад зүтгүүллээ. Үүнийг УИХ эцэслэн шийдэх учиртай.  Үүнээс гадна Ш.Түвдэндорж гишүүнийг Хууль зүйн байнгын хороогоо урирдаж чадахгүй хэмээн гишүүд шүүмжилдэг.  Тэр ч бүү хэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн цөөхөн хуралдсан байнгын хороо бол Хууль зүйн байнгын хороо.  Учир нь Ш.Түвдэндорж гишүүний бие байнга өвддөг учраас тэрбээр цаг тухайдаа хуралдаа удирдаж чаддаггүй гэлцдэг.  АН-ыханд үнэхээр сонголт олдохгүй байна уу, эсвэл Ш.Түвдэндоржийг үнэхээр энэ салбарыг аваад явчих хүн гэж тооцож байгаа юу гэдгийг мэдэх арга байхгүй.  Ямартай ч АН-ынхан түүний нэрийг хоёр удаагаа дэвшүүллээ.  Гэхдээ эцсийн шийдвэр ирэх долоо хоногт гарна.
                                                                                                                                                                                           Д.Анар