Шинэчлэлийн Засгийн газар нь Монгол Улсын иргэдийг “жаргаана” гэж гарч ирсэн. “Жаргаах” ч байх гэж итгэсэн болохоор Ардчилалыг ард түмэн сонгосон юм.

Гэвч тэд итгэл алдаж, түмэн олныг арай л дэндүү даапаалаад байх шиг. “Буянт-Ухаа” хороолол ашиглалтад орж, төрийн албан хаагч, зорилтот бүлэг, залуу гэр бүлд байр олгохоор журамд тусгасан. Байрны метр квадратын үнэ нь хоёр сая гарчихаад байгаа энэ үед төрөөс иргэдээ метр квадрат нь нэг сая 300 мянган төгрөгийн үнэтэй орон сууцаар хангана гэдэг баярламаар үйл явдал байлаа. Орон сууцанд энэ насандаа орж чадахгүй биз дээ хэмээн толгой гудайлгаж явсан хүмүүсийн хувьд итгэлийнх нь хонгилд гэрэл гийсэн шийдвэр. Гэвч хонгилын үзүүрт сүүмэлзсэн гэрэлд хүрэх замд саад бэрхшээл учирч эхлээд байна.


 Бага дунд орлоготой иргэд “Буянт-Ухаа” хорооллын азын сугалаанд орж, байр худалдан авах эрх нь бүрдсэн. Азтай иргэдийг аравхан хоногийн дотор худалдан авах гэсэн байрныхаа урьдчилгааг төлөх ёстой гэсэн хатуухан шиг болзол тавив.

Гэхдээ энэ хугацаанд байрныхаа урьдчилгааг төлж чадах нэгэн байхад чадахгүй нь дийлэнх байсан гэдэгтэй барьсан ч алдахгүй биз. Нэгэнт орон сууцанд орох эрх авсан иргэд боломжийг алдахыг хүсээгүй. Тиймээс ах дүү, хамаатан саднаасаа мөнгө зээлэх, эсвэл хашаа байшингаа зарах, ах дүү хамаатан садныхаа өмч хөрөнгийг барьцаанд тавьж зээл авч урьдчилгаагаа төлөх явдал нэлээд гарсан. Гэвч тэдний энэ зүтгэл өрхийн орлогоос нь хамаарч талаар болж буй юм.

 Түүнчлэн бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулна гэж хэт шоудсан учраас орлого нь хүрэх эсэхэд анхаараагүй. Тэд урьдчилгаагаа л төлчихвөл орон сууцанд орчихно хэмээн итгэсэн учраас орох орон, унах унаагаа зарж, танил тал, ах дүү, садан төрлөөсөө мөнгө зээлж 30 хувиа төлөхийг хичээсэн. Гэвч бага дунд орлоготой иргэд банкан дээр очоод найман хувийн зээлд хамрагдах дээрээ гацаж байна. Банкууд иргэдэд Засгийн газар ямар ч яриа хэлцэл хийгээгүй гэсэн тайлбарыг хийж буй аж. Учир нь, аль ч банкинд очсон азтануудад найман хувийн зээл олгохгүй, Монголын Ипотекийн корпораци /МИК/ зөвшөөрөхгүй байна гэсэн хариу өгч байгаа гэнэ. Зарим нь бүр “Манай банкны эх үүсвэрээс олгодог 19 хувийн зээлд хамрагдах боломж байна. Өөр сонголт алга” гэх хариултыг сонсоод урам муутайхан явна.

Ямар ч байсан бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах талаар Засгийн газрыг ажилласан гэж хэлэхэд хэцүү. Уг нь ярьж байгаа нь сайхан ч гэлээ банкны асуудлаа зохицуулах чадваргүйгээс өнөөдөр иргэд хохирч байна.

Иймхэн асуудлыг зохицуулж чадахгүй, асуудал үүсгэж байгаа Засгийн газар өнөөдөр 100-хан хоногийн дотор Монголын эдийн засгийг яаж сэргээх гэж байгаа юм бол. Үнэндээ санаж сэдэж буй нь амьдралд хэрэгтэй ч, хийж хэрэгжүүлэх дээрээ хэрхэн бүтэлгүйтэж сандарч байгааг хүн бүр л харж байна. Үүний нэгэн тод жишээ “Буянт-Ухаа” хорооллыг бага дунд орлоготой иргэдэд олгоно гэх хий хоосон “цуурай”.

Монголын Ипотекийн корпораци /МИК/-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Төгөлдөр “ТОСК-иас гаргасан журамд хэд хэдэн  эргэж тунгаахаар зүйл заалт байгаа. МИК бол зээл олгодог биш, олгосон зээлийг худалдан авдаг газар шүү дээ. Бидний цаана хөрөнгө оруулагчдын эрх ашиг гэж бий. Монгол Улсын хууль, журмыг л дагах учиртай. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Монголбанкны ипотекийн үйл ажиллагааны журамгээд дагаж мөрдөж буй эрх зүйн үүднээс харвал ТОСК-иас гаргасан журамд дээрх хууль журам, хөтөлбөрүүдтэй зөрчилдсөн зүйл, заалтууд байгаа. Тэдгээрийг эргэн харж нягталъя л гэж байгаагаас ямар нэг саад учруулахыг хүсээгүй” хэмээн тайлбарласан байдаг.

Мөн ТОСК-иас гаргасан журамд “Өмнө нь ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж байсан иргэд ТОСК-ийн орон сууцны хөтөлбөрт хамрагдахгүй”, “Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс 15 жилийн турш байраа зарж, худалдан борлуулж, бусдад түрээслүүлж болохгүй” гэж заасан. Энэ нь дээрх байрууд иргэдийн эрх мэдэлд очоогүйг харуулж байна. Мөн 15 жилийн дотроо байраа худалдахаар бол эргэж ТОСК-д тухайн үеийн ТОСК-ийн ханшаар худалдана гэж заасан. Энэ бүхэн “Буянт-Ухаа”-гийн байрууд тухайн иргэдийн өмчлөлд бүрэн шилжээгүй гэдгийг харуулж буй хэрэг юм. Иргэдийн өмчлөлийн бус орон сууцны зээлийг МИК худалдан авах нь эрсдэлтэй. МИК-ийн хувьд зээлийн эргэн төлөлтийн баталгаа нь зээл төлөгчийн хүсэл эрмэлзэл, чадамж байдаг. Гэтэл байр иргэдийн мэдэлд бүрэн очихгүй байгаа нь хөрөнгө оруулагчдад ч эргэлзээ төрүүлнэ. Энэ мэт ойлгомжгүй зүйл заалтыг нягталбал иргэдэд ч хэрэгтэй гэж үзэж байгаа гэсэн тайлбарыг ч хийсэн.

Эндээс юу харагдаж байна вэ? Төрд хамааралтай хоёр байгууллагын уялдаа холбоогүй, сэтгэлийн хөөрлөөр хийсэн ажил эцэстээ хэнийг хохироогоод байна вэ? гэдгээ бодох ёстой биз ээ.

Н.Чинзориг