Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Энэ сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дөхөм гэх газар хоёр автомашин мөргөлдөж, ослын улмаас хүний амь нас хохирсон талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус аймгийн Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр сумдын нутаг дэвсгэрийг дамжин Дорнод аймгийн Матад сумаас Дорноговь аймгийн нутаг хүртэл газрын тос дамжуулах шугам байрлуулах зориулалтаар зассан шороон зам дээр Халзан сумын харьяат Д, Баяндэлгэр сумын харьяат Ц нарын жолоодож явсан суудлын хоёр автомашин мөргөлдөж, ослын улмаас 32 настай эмэгтэй Г гэгч нас барж, 2-13 насны 5 хүүхэд, 4 том хүн хөнгөн, хүнд хэлбэрээр бэртсэн ноцтой зам тээврийн осол гарлаа.

Уг осол болсон зам нь тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй бөгөөд газрын хөрсийг тэгшлэн зассан, сул шороотой, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх осол гарсан замаар зорчихгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо орон нутгийн баталгаат замаар зорчих, тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй замаар зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.