Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!

Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж буй дипломат ажилтнууд, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид аа!

 

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласаар ирсэн бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, ахмад ажилтнууд аа!

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаар эх орон, төр, ард түмэндээ өргөсөн насан туршийн тангарагтаа чин үнэнчээр зүтгэсээр ирсэн Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

Өнгөрсөн зууны эхээр эх орон, ард түмнийхээ бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нэгдмэл байдлыг хамгаалах, бататган бэхжүүлэх үйл хэрэгт монголын ард түмний эмхлэн байгуулсан Ардын журамт цэргийн гүйцэтгэсэн үүрэг асар их бөгөөд 1921 онд монгол оронд байрлаж байсан харийн дайсныг үлдэн хөөж, улс орныхоо шинэ үеийн түүхийг бичилцсэн гавьяат үйлсээрээ түүхэнд мөнхөрсөн юм.

 

Тэрхүү Ардын журамт цэргийн байгуулсан анхны түүхэн ялалтаас түүчээлэн алдар гавьяа, амжилт ололтоо дуурьсгасан орчин цагийн Зэвсэгт хүчнийхээ түүхт ойг бид бүхэн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, бүрэн эрхт, бүтэн заяат улсынхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажилласаар ирсэн үе үеийн цэрэг эрс, тэдний залгамж халаа болсон өнөөгийн нийт бие бүрэлдэхүүний баялаг түүх, дайчин уламжлал, бахдал бахархлын баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэж байна.

 

Өнгөрсөн түүхэн он жилүүдэд манай улсын Зэвсэгт хүчин эх орноо батлан хамгаалах үндсэн үүргийнхээ зэрэгцээ ард олныг бичиг үсэгт сургах, орчин үеийн боловсрол, шинжлэх ухаан, техник, технологи, соёл, урлаг, анагаах ухааны ололтыг нэвтрүүлэх, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

 

Энэ хугацаанд манай орны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний эгнээнээс улсын болон хөдөлмөрийн баатрууд, монгол төрийн жолоодогч, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, дипломатч, сурган хүмүүжүүлэгч, зохион бүтээгчид, сансрын нисгэгч, урлаг, спортын алдартнууд олноор төрж, улс орныхоо нэр хүндийг тив, дэлхийд дархлан мандуулсны зэрэгцээ өнөөдөр ч нэр алдраа цуурайтуулж байгаа нь бид бүхний бахархал билээ.

 

Өдгөө Монгол Улсын Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын болон болон тусгай хүчний цэргээс бүрдэж, хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай гүйцэтгэн, төр, засгийн удирдлага, нийт ард түмний талархлыг хүлээсээр байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх томоохон стратегийн бүтээн байгуулалтын ажлуудад оролцон, бодит хувь нэмрээ оруулж байгаагийн дотор Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд манлайлах үүрэгтэй оролцож, өдгөө “Богд хан” төмөр замын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлж, өнгөрсөн 21 жилийн хугацаанд 21000 гаруй цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган, үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр ч ажиллагааны газар оронд үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, монгол цэргийн суу алдрыг мандуулсаар байна.

 

Тэрчлэн Зэвсэгт хүчний гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн олон улсын болон хоёр талын хамтарсан сургууль, сургалт дадлагыг өөрийн эх оронд амжилттай зохион байгуулсны зэрэгцээ зарим улс орнуудад зохион байгуулсан олон улсын сургууль, сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим бүрэлдэхүүн зохион байгуулалтын өндөр түвшинд оролцож, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд ихээхэн ахиц гарлаа.

Цаашид Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн бахархах түүх, бахдам амжилтаа улам бүр бататган, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэндээ ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил албанд тань арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

 

Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА