Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-1 бүсийн “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарчээ.

Толгойт олон нийтийн төв хэмээн нэрлэж буй энэ хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 дүгээр хороо хамрах бөгөөд 8,086 өрхийн 27,114 хүн хамрагдана. Эдгээр хороонд 43,305 хүн оршин суудаг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хязгаарт 62.6 хувь нь орох юм байна.

Төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн бүс, үйлдвэрийн бүс болон тусгай зориулалтын, инженерийн шугам сүлжээ, зам тээврийн, ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүстэй. Нэгж хорооллын ерөнхий хугацааг эхний ээлжийн буюу 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Улмаар 2035 он гэхэд инженерийн бие даасан шийдэл бүхий сайжруулсан амины сууцны хорооллыг бий болгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар зорилготой. Энэхүү ажлыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд 2.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцоолжээ.

Хуулиар олгогдсон үүргийн хүрээнд улс, нийслэл, дүүргийн төсөл хандивлагч байгууллагуудын хөрөнгө оруулалтын хүрээнд 313.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай аж.

Нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, амбулатори, поликлиник бүхий эмнэлэг, кино театр, соёлын ордон бүхий нийгмийн дэд бүтцийг төлөвлөсөн байна. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэхээр болжээ.