-Үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзаад шүүхэд дуудагджээ-


Барилгын компаниуд байр ашиглалтад оруулахдаа СӨХ-нд нь төлөөллийн хүнээ оруулж оршин суугчдаас сар бүр мөнгө татах явдал түгээмэл болжээ. Үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөрийг өгөхгүй тохиолдолд шууд шүүхийн байгууллагад хандаж албадан гаргуулдаг юм байна.

Өөрөөр хэлбэл орцоо цэвэрлэхээс өгсүүлээд наад захын үйлчилгээ үзүүлдэггүй СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзвал шүүхийн хаалга татах тохиолдол түгээмэл болж. Энэ талаар ХУД-ийн иргэн Ө.Насан-Очиртой ярилцлаа. Тэрбээр СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзсанаар шүүхэд дуудагджээ.


-СӨХ гэдэг иргэдийн мөнгийг шулдаг газар болсон гэх байр суурийг илэрхийлж байна. Ингэхдээ хуулийн байгууллагаар сүрдүүлдэг гэх юм. Таны тухайд СӨХ-той шүүхийн маргаан үүсгэсэн. Маргаан гарах үндэслэл нь юу байв?

-СӨХ гэх нэрийн ард том сүлжээ луйвар явдаг болсон. СӨХ гэх нэрээр орон сууцанд амьдардаг айл бүрээс мөнгө татаж хагартлаа баяждаг болсон байна. Энд би “Баяжих” гэх СӨХ-ны жишээг л онцлоод хэлье.

 

Манай хотхон 2015 онд ашиглалтад орсон. Анх байранд орохдоо ч СӨХ гэх мэт асуудалд нь нэг их ач холбогдол өгөөгүй. Чанарыг нь шалгаад л шил толь болсон хачин гоё хоёр өрөө шинэ байранд орлоо. Гэтэл СӨХ гэх нэрээр сар бүр 60-70 мянган төгрөг өрх бүрээс татах болсон. Мкв-таасаа шалтгаалаад өөр өөр. Энэ төлбөрийг хэн яаж тогтоосон талаар СӨХ-оос асуухад “Оршин суугчдаас санал авсан” гэх бүдэг мэдээллээс өөр юм хэлдэггүй. Лавлаад асуухад төвөгшөөгөөд тоймтой юм хэлдэггүй байлаа. Ингэж яваад байсхийгээд л “гадна хашааны хаалга солино”, “зөвхөн оршин суугчид үйлчлүүлэх лифтний чип авна”, “орцны хаалганд чип худалдаж ав” гэх мэтээр айл бүрээс мөнгө татна. Энэ бүрийн зардлаа оршин суугчдадаа огт тайлагнахгүй. Наад захын ариун цэвэр орцоо огт угаахгүй. Ингээд хувийн зүгээс шаардлага тавихад Удирдах зөвлөл гэх нөхөд зохион байгуулалттайгаар над руу дайрч байгаа юм. Ингээд би СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзсан.

Жил хүрэхгүй хугацаанд л надад сая гаруй төгрөгийн өр бодогдсон байлаа. Тусдаа алданги ч бодогдсон байсан. Хууль эрх зүйн ямар үндэслэлд тулгуурлаж алданги бодсоныг нь би ойлгоогүй. Ингээд л шүүхэд дуудагдсан. Очоод танилцахад оршин суугчдыг төлөөлж нэг нөхөр гарын үсэг зураад гэрээ байгуулчихсан байсан. Үүнд үндэслээд л буруутгасан байсан. СӨХ талаас хүлээх үүргийг нь харахад огт тийм юм дурдаагүй байгааг нь хараад их гайхсан.

-Энд онцлоод байгаа “Баяжих” гэх СӨХ хэзээ ямар замаар байгуулагдсан юм бэ?

-Яг хэзээ байгуулагдсаныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай хотхоныг ашиглалтад оруулсан компани нь н.Ууганбат гэх нөхрийг “Баяжих” СӨХ-ны удирдах зөвлөлд оруулсан юм билээ. Тэр нөхөр л айл бүрээс мөнгө аваад янз бүр болгоод тайлангаа тавихгүй яваад байдаг. Ашиглалтад оруулсан компани нь ч засвар үйлчилгээгээ огт хайхрахгүй. Төлөөний хүнээ СӨХ-ны удирдах зөвлөлд суулгачихсан болохоор тэр шүү дээ. Дээврийн засвар үйлчилгээ хийх болоход өнөөх н.Ууганбат сураггүй алга болсон. Тухайн үед шаардлага тавихад над руу сүргээрээ дайрсан нөхөд ч бүгд байхгүй болсон. Одоо оршин суугчид бүгд мөнгө нийлүүлж засвараа хийх болж байна. Үүнд засвар үйлчилгээ үзүүлэх СӨХ нь эзэнгүйдсэн.

-Ер нь СӨХ-г хэрхэн байгуулдаг юм бэ. Удирдах зөвлөлийг яаж сонгох вэ?

-Нийт оршин суугчдын гуравны хоёр нь хуралдаж дарга, удирдах зөвлөлөө сонгодог. Хуулийн зохицуулалт нь ийм. Энэ нь хөрсөн дээр огт хэрэгждэггүй хууль. Дурын нөхөр нь очоод л удирдах зөвлөлд ороод айл бүрээс СӨХ-ны төлбөр нэхээд сууж байдаг. Юунд зарцуулснаа тайлагнахгүй. Цэвэрлэгээгээ ч хийдэггүй. Шаардлага тавихад өөдөөс есөн бусаар харааж дайрна. Зохион байгуулалттайгаар. Ингэж төлбөр авч явж байгаад л их засвар орох болоход тал тал тийшээ бутраад алга болчихно. Манайд 700 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Үүний 90 орчим хувь нь хууль бусаар байгуулагдсан. Мөнгө харсан нөхөд хууль бусаар айл өрх бүрээс мөнгө татаад сууж байдаг. Айл бүрээс татаж байгаа мөнгөний дүнг яаж тогтоов, юунд зарцуулж байна тэр бүхэн маш бүрхэг.

Энэ бүхнийг шаардахад зохион байгуулалттай дайрч давшилна. Үйл ажиллагаанд нь сэтгэл хангалуун бус СӨХ-ны төлбөрөө тушаахгүй бол шүүхэд өгөөд л нэхэмжилдэг. Энэ нь даамжраад Монгол банкны хар данс руу ордог болно гэж байгаа юм. Таны тушааж байгаа мөнгө хаана юунд зарцуулагдаж байгааг СӨХ-ноосоо нэг асуугаарай.

-СӨХ-ны үйл ажиллагаанд ямар байгууллага хяналт тавьдаг юм бол?

-СӨХ-ны дээд зөвлөл гэж байгууллага бий. Гишүүн СӨХ-оосоо хоёр хувийн татвар аваад сууж байдаг. Эндээс хяналт тавьдаг гэдэг. Сүлжээ болчихсон юм чинь шударга ажиллана гэдэг эргэлзээтэй. Том зургаар нь харахад СӨХ гэдэг улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн бизнес болчихсон. Та бодоод үз дээ. Нэг айлаас хамгийн багадаа сар бүр 50-60 мянган төгрөгийн төлбөр авдаг. Ганцхан байрнаас л сард хэдэн сая төгрөг босоод ирнэ. Үүнд шунасан нөхөд орон сууцны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэргийг эзэнгүйдүүлж байна. СӨХ гэх нэрийн ард хэдэн тэрбум төгрөг хяналтгүй эргэлдэж байна шүү. СӨХ-ны төлбөрөө төлөхгүй бол шүүхдээд авдаг.

-Бусад улс орнуудад үүнийг яаж зохицуулдаг юм бэ?

-СӨХ гэх аманд орсон мөнгөө айлуудаас нэхдэг, өгөхгүй бол шүүхээр дарамталдаг газрыг татан буулгах цаг нь болсон. Гадны улс орнуудад байрны засвар үйлчилгээг салбарын яам нь хариуцдаг. Харуул хамгаалалтыг цагдаа нар нь хариуцна. Манайх шиг байр болгоны гадна хамгаалагчийн хувцас өмссөн нөхөр тамхи татаад зогсож байдаггүй. Хорооны цагдаа нь хариуцдаг. Манайх энэ тогтолцоо руу шилжих цаг нь болсон. Байрны орцоо цэвэрлэдэггүй нөхөд СӨХ-ны төлбөр гээд аманд орсон мөнгөө нэхээд зогсож болохгүй биз дээ.