Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр өчигдөр тохиолоо. Монгол Улсад хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгааг уншигчид дүгнэж буй нь мэдээж. Хүүхдийн эрх зөрчигдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, түүнд холбогдох явдал олон гардаг.

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийнхэн өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулсан байдлыг 2021, 2022 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд хийжээ. Энэ талаар тус хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэнтэй ярилцлаа.

-Хүүхдүүд холбогдсон гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг танай хэлтсийнхэн судалжээ. Тэд ихэвчлэн ямар хэрэгт холбогдож байна вэ?

-Бидний хийсэн судалгаанаас үзэхэд 2021 онд 196 хэрэгт 269, 2022 оны III улирлын байдлаар 291 хэрэгт 361 гээд нийт 489 хэрэгт яллагдагчаар татагдсан 630 өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэж, тогтоол, шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 200 буюу 40.9 хувийг, орон нутагт Сэлэнгэ, Булган, Баянхонгор аймагт хамгийн их буюу 27-31 хэрэг шийдвэрлэжээ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчийн насны хувьд авч үзвэл гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байсан, шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн бүх хүнийг судалгаанд хамруулсан. Үүнээс үзэхэд шийтгэх тогтоол гарах үед 17 настай байсан шүүгдэгч 285 буюу 45.2 хувийг эзэлж байна.

Өсвөр насны нийт шүүгдэгчийн зургаа нь буюу 0.9 хувь нь мансуурсан, 44 буюу 7 хувь нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх юм. Шүүх өсвөр насны хүний үйлдсэн 24 төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэснээс 35.9 хувь буюу 226 хүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах, 26.4 хувь буюу 166 хүнийг 11.6 дугаар зүйлийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 10.3 хувь буюу 65 хүнийг дээрэмдэх, 4.3 хувь буюу 27 хүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь дийлэнх хувийг эзэлсэн.

-НҮБ-ын конвенц зэрэгт хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хөнгөн ял шийтгэл оноох тухай заасан байдаг байх аа.

-Тийм ээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны 217/А/III/ тогтоолоор баталж, бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахыг тусгасан. Мөн Хүүхдийн эрхийн конвенцод “шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд, эсхүл төлөөлөгч буюу зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоо олгох, баривчлах, саатуулах, хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх, гэм буруутай нь тогтоогдсон хүүхдийн нэр төр, үнэ цэн, хүний эрх, бусдын үндсэн эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бататгах, нийгмийн амьдралд буцаан оруулах шаардлага, насны онцлогийг харгалзан бүтээлч үүрэг гүйцэтгэх эрхийг хүндэтгэх, асрамжлах, хянан харгалзах, зөвлөгөө өгөх, туршилтын хугацаа тогтоох, боловсрол, мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдах, түр асрамжид шилжүүлэх” гэж тусгасан байдаг. Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай НҮБ-ын жишиг гэж хэлж болохуйц Бээжингийн дүрэм, Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх Риядын үндсэн зарчим гэж ч нэрлэдэг зөвлөмж, Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүүхдийг хамгаалах тухай журам, Гэмт хэргийн улмаас хуулийн системд байгаа хүүхдэд үзүүлэх арга хэмжээний тухай Венийн дүрэм зэрэг баримт бичигт гэмт хэрэг зөрчил үйлдсэн насанд хүрээгүй хүнд оноох хариуцлага нь хууль зүйн хувьд хөнгөн хэлбэртэй байх, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоон дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, бусдаас тусгаарлах нь хэрэглэж болох хамгийн сүүлийн арга хэмжээ байх агуулгыг илэрхийлсэн.

Манай Эрүүгийн хуульд ч өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинэ институт буюу бүлэг бий болгож, насны хувьд бусад орны ижил төрлийн хуульд заасан ял шийтгэл оноох насны хязгаарын шалгуурыг харгалзсан байдаг. Тодруулбал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг 16, арван хоёр төрлийн  гэмт хэрэгт 14 насанд хүрсэн байхаар тодорхойлж, өсвөр насны хүн бүрт ял оноох зорилгогүй, хүүхдийн хүмүүжил, нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хариуцлага хүлээлгэх, хүүхдийг аль болох хорих бус, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалт оруулсан шүү дээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам, баримтлах нийтлэг шаардлагыг тодорхойлж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын үзэл санаа, агуулгыг үндэсний хууль тогтоомжид баталгаажуулан хуульчилсан.

-Хэрэгт холбогдсон хүүхдүүдэд дийлэнхдээ эрүүгийн ямар хариуцлага хүлээлгэсэн бол?

-Шүүх 630 шүүгдэгчийн 17.5 хувь буюу 110-т нь хорих, 13.3 хувь буюу 84 хүнд зорчих эрх хязгаарлах, 9.7 хувь буюу 59-д нь нийтэд тустай ажил хийлгэх, 1.7 хувь буюу 11 хүнд торгох ял оноож, 8.1 хувь буюу 51 хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулж, 31.3  хувь буюу 197 хүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 0.8 хувь буюу таван хүнд ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ  авч, 11.4 хувь буюу 72-ыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл ялыг өршөөн хэлтрүүлж, 5.4 хуь буюу 34 хүнийг ялаас чөлөөлсөн байна. Прокурор, 488 шүүгдэгчид ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаснаас шүүх 253-т нь ял оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл улсын яллагч нар өсвөр насны хүнийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял сонгон эрүүгийн хариуцлага оноох дүгнэлт гаргасан. Харин шүүх ял оноохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ түлхүү хэрэглэжээ. Мөн өсвөр насны 122 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаснаас шүүх 31.1 хувь буюу 84 хүнд уг ялыг шийтгэсэн байна.

Ер нь өсвөр насны хүнд аль болох ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр сурч боловсрох, биеэ авч явах, бусадтай харилцах эрхийг хязгаарлахгүй байх нь олон улсын гэрээ, конвенцод заасан хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалж буй үйл ажиллагаа болно.

-Та хэрэгт холбогдсон шүүгдэгч хүүхдүүдийг өсвөр насныхан гэж яриад байна. Өсвөр нас гэдгийг ямар үндэслэлээр тодорхойлж байгаа юм бэ?

-Өсвөр нас гэдгийг Монгол хэлний болон анагаахын, хууль зүйн шинжлэх ухааны үүднээс утгын дэлгэрэнгүй тайлбар хийсэн байдаг. Жишээ нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор өсвөр нас гэж бэлгийн сонирхол, хүсэл тэмүүлэл үүсэж хүүхдийн гэсэн бүхнээс тусгаар байх, сэтгэл зүйн хувьд насанд хүрсэн хүний байр сууринаас аливаад хандахыг эрмэлздэг хүүхэд ахуй нас ба орь залуу насны хооронд орших үе шат бөгөөд 10-19 насныхныг хэлдэг юм билээ. Монгол хэлний их тайлбар тольд ч өсвөр нас гэдгийг ид өсөн торниж буй хүүхэд үеийг хэлнэ хэмээн тайлбарласан байдаг.

Эрүүгийн хуулиар гэмт хэргийн субъектийг тодорхой насанд хүрсэн байхыг шаарддаг. Энэ нь хүүхдийн үйл ажиллагааныхаа учир холбогдлыг ойлгон ухамсарлах сэтгэхүйн хөгжлийн чадамжид үндэслэдэг юм. Учир нь гэмт хэрэг нийгмийн харилцааны энгийнээс нарийн төвөгтэйг хүртэл хамардаг учир хэрэг бүрийн нийгмийн учир холбогдол, хор уршгийг бага насны хүүхэд тэр бүр ойлгон ухамсарлах чадваргүй байдаг. Тиймээс 16 наснаас эхлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлдэг. Харин хүүхэд нийгмийн учир холбогдол, хор уршгийг нь ойлгоход төвөггүй, нийгэмд аюултай болохыг нь ухамсарлах боломжтой зарим гэмт хэргийн хувьд субъектийн насыг 14-өөс эхлэхээр тогтоосон. Харин зарим төрлийн гэмт хэрэгт шууд заагаагүй боловч 18 насанд хүрсэн этгээдийг субъектээр тооцох шаардлага тавигддаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх (хэрэг хариуцах чадвар) насны хязгаар нь олон улсын гэрээ конвенц, Эрүүгийн хуульд тусгагдсанаас гадна мөн Иргэний хуульд заасан иргэний эрх зүйн чадамжтай гэж үзэх насны хязгаарт нийцсэн байх ёстой. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж зохицуулсан нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад чиглэсэн агуулгыг илэрхийлж буй юм.

-Тэдэнд хариуцлага хүлээлгэхдээ нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулж ял шийтгэдэг байх, тийм үү?

-Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлдэггүй, өсвөр насны хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглээгүй, түүнийг сонгосон үндэслэлийг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, амьдралын нөхцөл байдал, хүмүүжилд түшиглэн тайлбарлах нь зүйтэй. Тухайлбал, өсвөр насны хүүхдийн сэтгэцийн онцлогийг харгалзахгүйгээр олон нийтийн газар нийтэд тустай ажил хийлгэх ял оноосноор ичих, гомдох, гутрах нөхцөл байдал үүсгэн, ирээдүйд өөртөө итгэх итгэл буурах, магадгүй амиа хорлоход хүргэх аюултай, эсэхийг анхаарах шаардлагатай. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргахдаа хүүхдийн дээд ашиг сонирхлыг ханган, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оноосон шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, сурган хүмүүжүүлэх, ялаас чөлөөлөх зэрэгт чиглүүлэх нь Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхээр байна.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн хүнд зорчих эрх хязгаарлах, хорих ял шийтгэхдээ эдлэх ялыг хоёр дахин багасгахаар тусгасан.

Хууль хэрэглээний хувьд гэмт хэргийн сэдэл, арга хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, үр дагавар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, эдлэх ялыг 8.5 дугаар зүйлд зааснаар 2 дахин багасгаж ял оногдуулах нь хорих ялыг хугацааг хамгийн бага хэмжээнд тогтоон оногдуулах үзэл баримтлалд нийцэхээр байна.

-Өсвөр насныхны холбогдсон хэргийг мөрдөн шалгахдаа заавал эцэг эх, асран хамгаалагч, эсвэл багшийг нь байлцуулах ёстой. Ямар тохиолдолд эцэг эхийг нь байлгахаас татгалздаг юм бол?

-Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулна. Үүнээс гадна сэжигтэн, яллагдагч нь гэр бүлийн хүчирхийлэл, эцэг, эхийн нөлөөлөлд автаж гэмт хэрэг үйлдсэн, сэтгэцийн өвчингүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийн үйлдэл холбогдлыг бүрэн ойлгож, болсон хэргийн талаар үнэн, зөв мэдүүлэг өгөх, эсэхэд эргэлзээ төрвөл, хууль ёсны төлөөлөгч нь өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл сурган хүмүүжүүлэгч, эсхүл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтныг байлцуулж болох зохицуулалттай. Мөн сэжигтэн, яллагдагч гэр бүлийн хүчирхийлэл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн нөлөөлөлд автаж гэмт хэрэг үйлдсэн бол тэдгээрийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоодоггүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин