Төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. 

Энэ үеэр төсөв тэлсэнтэй холбоотой инфляц өсөх магадлалтай. Иймээс инфляцыг нэмж өсгөхгүй байх чиглэлд ямар арга хэмжээ авах талаарх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв. 

Тэрбээр "Төсвийн зарлага өсөж байгаатай холбоотойгоор мөнгөний нийлүүлэлтэд өөрчлөлт орно. Өнөөдөр эсвэл жилийн эцсээр нэмсэн ч инфляцад өөрчлөлт орно. Энэ хугацааг хүлээх боломж олон нийтэд байхгүй. Иймээс ч өнөөдөр төсвийн тодотгол хийх боломж гарч байгаа.

Хамгийн эхэнд цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр дамжуулж хүн амынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа гэсэн үг. Инфляц өсөх сөрөг дарамтыг төсийн бодлого, мөнгөний бодлогоор саармагжуулах арга хэмжээг авна. Тодруулбал эдийн засгийн арга хэмжээ, захиргааны арга хэмжээг авна.

Эдийн засгийн арга хэмжээ гэдэгт төв банкнаас бодлогын хүүгээ зөөлрүүлэх орон зай байхгүй гэсэн үг. Мөнгөний бодлого чанга хэвээр үргэлжилнэ. Төсвийн тал дээр ч хэмнэлтийн хуулиа нарийн чанд барина.

Захиргааны арга хэмжээ гэвэл төсвийн тодотголыг далимдуулж зах зээлд зохиомлоор үнэ өсгөх, хомсдол үүсгэх асуудалтай хатуу тэмцэнэ" гэлээ. 

Энэ оны эхний улирлын 7.9 хувийн өсөлтөд тулгуурлаж, бүтэн оныхоо зураглалыг харж төсөв нэмж байгааг зарим эдийн засагч эрсдэлтэй гэж үзэж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан нэмж хариулав. 

Энэ талаар "Сүүлийн гурван жилд маш өндөр эрсдэл дунд байсан. Үүнтэй харьцуулахад одоогийн эрсдэлийг харьцангуй шийдвэрлэх боломжтой.

Тухайлбал нүүрсний зах зээл байнгын хөдөлгөөнтэй байдаг. Сүүлийн 10 гаруй жилийг харвал зуны саруудад үнэ, эрэлт, ачилт, таталт буурдаг.

Өчигдрийн мэдээллээс харахад нийт 26 сая тонн нүүрс гарсан байна. Зургаадугаар сарыг дуустал 28, 29 сая тонн руу дөхөх болов уу. Эхний хагас дээрээ гаргасан экспортоо үлдсэн хугацаанд барихад л төсвийн орлого бүрдэх боломжтой.

Мэдээж 1.8 их наяд бол бага тоо биш. Гэхдээ биелүүлэх боломжгүй тоо ч биш. Үүний төлөө Засгийн газар бүх боломжоо дайчлан ажиллана. Бид зөвхөн хүүхдийн мөнгө, цалин, зорилтот тэтгэмж, Улаанбаатар хотын түгжрэлд тодотгол хийж оруулж ирсэн.

Эдгээрийг УИХ дээр хэлэлцэх явцад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар яаралтай, богино хугацаанд УИХ баталж өгсөн. Ингэснээр долдугаар сарын 1-ний дотор нийслэл болон орон нутгийн бүх аймаг залгаад тодотгол хийх боломжтой.

Орон даяар тодотгол хийсний дараа долдугаар сарын 1-нээс 217,000 төрийн албан хаагч, 486,000 ахмадын тэтгэвэр жигд нэмэгдэнэ" хэмээв. 

2023 оны төсвийг баталж байхдаа халамжаас хөдөлмөрт шилжсэн буюу хэмнэлтийн төсөв болсон гэж тодотгож байсан. Үүнээс ухраад хөдөлмөр бүтээмжийг нэмэгдүүлсэн төсөв болгож чадсангүй хэмээн харж байгаа тухай сэтгүүлчийн асуултад хариуллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн онд хэмнэлтийг хуулийг баталсан. Хэмнэлтийг зөв ойлгох хэрэгтэй. Тэтгэвэр авагчдын тэтгэврийг хэмнэж болохгүй, хүүхдийн мөнгийг хэмнэж болохгүй. Мөн төрийн албан хаагч нарынхаа цалинг хэмнэж болохгүй. Харин урсгал зардал, хөрөнгө оруулалтуудыг оновчтой болгож, төрийн үйлчилгээг чанартай санхүүжүүлж хэмнэлттэй байх зарчимтай. 

Түүнээс биш тодотголоор хийгдсэн цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг хэмнэж болохгүй. Энэ удаагийн урсгал зардлууд дээр нэмэгдэж буй зүйлс нь нийгмийн шинжтэй, олон нийтийн өрхийн орлогыг бодит эдийн засгийг дэмжсэн тодотгол" гэдгийг ярилаа. 

Мөн салбар салбарын хуулиуд дээр салбараа дэмжинэ гэх нэрийдлээр баахан татвар хөнгөлдөг. Ялангуяа НӨАТ-аас чөлөөлнө гээд хууль болгон дээр барьж орж ирдэг асуудлыг зогсоох чиглэл өгснийг тэрбээр дурдав.