Нэмэгдсэн өртгийн албан татварыг  оноос эхлэн явуулж байгаа билээ. Анх үүнийг далд эдийн засгийг ил болгох зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг зорилгоосоо хазайгаад байна гэхэд буруутахгүй нь. Учир нь одоогоос долоон жилийн өмнөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн.

 Иргэдийн цалин хөлс багахан нэмэгдэж байгаа ч хүнсэндээ хэрэглэхээс цааш гарахгүй байна. Үнийн хөөрөгдөл үүсэх болсон нэг шалтгаан цар тахлын үе мэдээжийн хэрэг нөлөөлсөн. Гэхдээ НӨАТ-аас үүдэн иргэдийн халаас хүрэлцэхгүй, өрхийн эдийн засаг уналтад ороод байгаатай уншигч та санал нийлэх биз ээ. Ийн дүгнэхийн учир нь нэг бараа авахад л өнөөх нь олон дамжлагаар хэрэглэгчийн гарт ирнэ. Энэ хооронд тав, зургаан НӨАТ төлсөн барааг бид өндөр үнээр худалдан авч байгаа юм. Жишээ татахад, даршилсан өргөст хэмх худалдан авахад НӨАТ-гүй үнэ 11363 төгрөг харин НӨАТ-тэй үнэ 12499-р хэрэглэгч худалдан авав. Мөн үйлдвэрээс нэг ширхэг нь 500 төгрөгийн үнэтэй гарсан цэвэр ус бөөний дэлгүүр, жижиглэн худалдаа, ресторан, цэнгээний газар хүртэл явахдаа 4,000 төгрөг болж нэмэгддэг. Тэр бүх шат дамжлагад НӨАТ төлж байгаа гэдгийг наймаа эрхлэгч нар ярих болсон. Энэ талаар мэргэжлийн хүнээс тодруулахад, Бүртгэл дээр нь такс ажиллаж байгаа. Энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүний эхний суурь 500 төгрөгийн НӨАТ нь үйлдвэр дээрээ бий. Эндээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ тав дамжсан гэж үзье.

Тав дахь хүн дээр очихдоо 4,400 төгрөг болсон бол 500 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүний эцсийн НӨАТ нь шат шатандаа дамжиж нэмэгдсээр байгаад 400 төгрөг болж байна гэсэн үг. Үүнийг эцсийн хэрэглэгч төлж байгаа. Тэгэхээр эцсийн хэрэглэгч гэдэг бол иргэн, аж ахуйн нэгж, төр өөрөө. Ийм дамжлагын будилаан их. Ер нь төр гэж байгаа тохиолдолд татвар бий болгоно.

Татвараа буцаагаад жигд шударгаар төлүүлэх нь төрийн үүрэг. Үүн дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар НӨАТ-ын системийг бий болгож өгсөн. Өнөөдөр 400 мянган кассын машин ажиллаж байна. НӨАТ хэрэгжиж эхэлсэн 2016 оны нэгдүгээр сард 1,600-хан кассын машинтай байсан шүү. Үр дүнд нь Монгол Улс жилдээ 97 их наяд төгрөгийг бүртгэж авч байна.

Энэ бол манай улсын бүх мөнгөний тэмдэглэл. Өнөөдөр бэлэн бус гүйлгээ 99.99 хувь байгаа. 2016 онд энэ тоо ердөө долоохон хувь байлаа. Өнөөдөр ийм ухаалаг системийг бий болгочихсон байхад дараагийн түвшинд ашиглах, НӨАТ өгөхгүй байгаа газруудаас татвараа авах нь төрийн үүрэг. Эд нар үүргээ биелүүлэхгүй байгаагаас дунд нь ажил үйлчилгээ авагчид, дахиад цааш нь эцсийн хэрэглэгчид өгч байгаа субъект хохироод байгаа юм. Ялангуяа барилгын салбар дээр НӨАТ-ын шат шатны дамжлага тэр аяараа нэмэгддэг. Бригад гээд маш олон ажил хийгээд явчихдаг. Дараа нь тэрнийхээ НӨАТ-ыг, нийгмийн даатгалыг ч авч чаддаггүй. Эцсийн дүнд захиалга өгсөн эзэд хохирч байгаа юм.

НӨАТ-ын буцаалтыг иргэн, аж ахуйн нэгж, төр гэсэн гурван субъект авч байгаа. НӨАТ гэдэг бол эцсийн хэрэглэгч төлж байгаа татвар. Манай 1.2 сая иргэн хөдөлмөр эрхлээд дунджаар 12-13 их наяд төгрөгийг цалингийнхаа фонд болгож улс даяар авдаг. Үүний 3-4 их наяд нь төрийн албан хаагчдын цалин. Энэ нь ХХОАТ, бүх даатгалаа төлчихсөн дүн. Ингээд гар дээр үлдэж байгаа цэвэр мөнгөөрөө дэлгүүрээс худалдан авалт хийж, үйлчилгээ авахдаа дахиад НӨАТ-ын 10 хувь төлдөг. Нэг ёсондоо бүх татвар, даатгалаа төлчхөөд дахиад татвар төлж байгаа нь үнэхээр харгис. Тиймээс ухаантай төр бол нөгөө татвараа арван хувь авсан бол үүнийгээ нэг рүү аваачих ёстой. Тиймээс НӨАТ-ын 20 хувь буцааж байгаа дүнгээ 70, 80 болгох ёстой гэлээ. 

Тэгвэл одоо бид төрөөс үүргээ биелүүлэхийг шаардъя. Нөгөөтэйгүүр, өнөө далд эдийн засгаа ил тод болгож мөнгөний урсгалаа нэмэгдүүлэх гол ажилдаа илүүтэй ажиллахгүй байгаа нь дээрхээс тод харагдаж байна. Зөвхөн нэг бараан дээр л НӨАТ тав, зургаан удаа нэмж төлөөд дунд нь наймаа эрхлэгчид, иргэд, шулуулсаар...

НӨАТ бол иргэдийг тонож байгаа нэг хэлбэр гэдгийг Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважав хэлсэн. Тэрбээр, Одоо бид иргэдээсээ хулгайлдаг, татвараас бултдаг гэсэн хуучин коммунист онолоо хаях ёстой. И-баримтаас жилд бараг 700 сая талон хэвлэгдэж, 100-гаад их наяд төгрөгийн орлого бүртгэгдэж байна. Иргэд үүнээс 234 тэрбум төгрөгийг нь буцааж авч байгаа. Өнгөрсөн жилийн тайлангаар НӨАТ-аар 1.7 их наяд төгрөгийн орлого олсон. Зөвхөн иргэд 1.1 их наядыг нь бүрдүүлж өгсөн. Харин цаана нь үлдэх 600 тэрбумыг аж ахуйн нэгж бүрдүүлж өгч байгаа. Нарийндаа иргэдийн гар дээрх цэвэр орлогоноос авдаг татварыг аль болох нэг рүү тэмүүлүүлдэг байх ёстой. АНУ, Японд бол иргэдээс 1-1.5 хувийн татвар л авч байгаа. НӨАТ гэхгүйгээр худалдааны татвар гэж нэрлэдэг. Францад 1957 онд НӨАТ эхэлсэн. Дараа нь европын улсад арван хэдэн жил явсан. Ингээд АНУ, Япон хоёр худалдааны татвар хэлбэртэйгээр хэрэгжүүлсэн. Гэхдээ нэг хувиас хэтрүүлээгүй. Яагаад гэвэл эдгээр улсад хувь хүний орлогын албан татвар өндөр. АНУ-д гэхэд дунджаар 30-40 хувь байгаа. Харин худалдаанаас авдаг татварыг аль болох бага өгөөд тэнцүүлэхээр 41 хувь болно. Иймэрхүү жишээ европын орнуудад бий. Харин бид 16 төрлийн татвар төлж байгаа. НӨАТ нь бүртгэл тал руугаа явахаар нөгөө 15 татварынхаа орлогыг ихэсгэж байгаа юм. НӨАТ бүртгэдэг болсноос хойш манай бусад татварын орлого өндөр байдаг. Энэ бол татварын систем, татварын байгууллага мундагтаа биш. Ерөөсөө НӨАТ-ын системийн үр дүн" гэсэн юм.