Голын голдирол хаасан Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг буулгах, чөлөөлөх ажил өнөөдөр эхэлж байна.

Үерийн эрсдэлтэй бүсэд буй ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ.

НЗДТГ, Шунхлай групп компани харилцан тохиролцсоны үндсэн дээр уг барилгыг буулгах ажил эхэлж буйг мэдээллээ. 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Шунхлай трейдинг компанийн эзэмшлийн ШТС-ыг голын ай савд баригдсантай холбоотойгоор газар чөлөөлөх асуудлыг харилцан тохиролцож, өнөөдөр эхлүүлж байна. Үер усны ай сав газарт уг байгууламж орсон гэдгийг ойлголцсон. Тус компани тодорхой түвшинд холбогдох байгууллагын зөвшөөрөлтэй байсан.

Газрыг чөлөөлсний дараа голын ай савыг хамгаалах, үерийн хамгаалалтын барилга байгууламжууд баригдана.

Өмнөх шийдвэрүүд албадан буулгах чиглэлтэй байсан бол өнөөдөр хувийн хэвшилтэйгээ ойлголцлоо. Өөрөөр хэлбэл шүүхийн журмаар биш харилцан тохиролцлоо.

Хавар шар усны үер, борооны үер биднийг хүлээхгүй учир түргэн шуурхай шийдсэн.

Уг газрыг хууль бусаар олгосон мэдээлэл байвал шалгуулна. Төр зөвшөөрлийг өгсөн бол бид хувийн хэвшилтэйгээ харилцан ойлголцож, харилцан тохиролцоод  газар чөлөөлөх асуудлыг шийднэ. Шунхлайн ШТС-ыг барих өөр газар олгох байдлаар ойлголцож байна.

ШТС-ын барилгыг буулгах ажил 11 дүгээр сарын 5-нд дуусгахаар тохирсон" хэмээн ярилаа.