Лу.Гантөмөрийг намын даргын өргөдлөө өгч, огцрохыг АН-ын гишүүд шаардан, мэдээлэл хийлээ. Энэ үеэр Х.Алтанхуяг "Эв нэгдэл гэдэг том малгайн доор хуйвалдаан явж болохгүй. Эв нэгдэл үндсэн дүрмийн хүрээнд л явагдах ёстой. Ингэж байж АН эв нэгдэлтэй оршино. Үгүй бол АН-ыг доошоо хагарал руу л аваачна. 10 сарын өмнө Лу.Гантөмөр саналын эрхгүй ҮБХ-ны гишүүдээс сонгогдсон. Тухайн үед ямартай ч тамга, дарга хоёроо нийлүүлье гэдэг итгэл үнэмшлээр, тэр сэтгэлээрээ бүгд амаа хамхиад Лу.Гантөмөр гэдэг хүнийг хүлээн зөвшөөрсөн.

Тэр үед бид ч Лу.Гантөмөрийг сайхан залуу гараад ирлээ, АН ялалт байгуулах нь гээд итгэж байсан. Ингээд бид 10 сар хүлээлээ. Хавраас хойш Лу.Гантөмөр намын байрандаа ч ирсэнгүй. Сонгууль болоход долоохон сар үлдлээ, АН ялах ёстой байна, ажлаа хийгээч гэж бид шаардсан. Гэтэл саяхан хэвлэлийн хурал хийж гарч ирэхдээ над руу дайрч байгаа хүмүүс бол МАН-ын тагнуул гэсэн. Гишүүдээ тагнуулаар нь дууддаг дарга АН-д урд өмнө байгаагүй. Огцруулах гэхээр үнэхээр хүнд байна. Тодорхой хэмжээнд эв нэгдлийг хангасан хүнтэй, дөнгөж даргатай болчихлоо. Тэр утгаараа огцруулах гэхээр маш хэцүү. Үеийнх нь найзууд, ҮБХ-ны гишүүд, УИх-ын гишүүдээс авхуулаад Лу.Гантөмөр ажлаа хийж чадахгүй байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Яах вэ? гээд бүгд хоорондоо ярьж байна. Тийм учраас л энэ хүнийг өргөдлөө өгчих гэж байгаа юм. 200 мянган гишүүнээ бодоод өргөдлөө өгөөд явах ёстой.

Биднийг тагнуулч гээд байна. Бид МАН-ынхантай уулзаж байгаагүй. Уулзсан хүн нь Лу.Гантөмөр өөрөө. Германд очоод МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалантай уулзаад ирсэн нь үнэн шүү дээ. Бид Лу.Гантөмөр гэдэг даргатайгаар сонгуульд орж болохгүй.

Дүрмийн бусаар сонгогдсон гэдэг нь, боловсролын зээлийн сангийн асуудал нь, сөхөгдөнө. Тэр асуудал нь АТГ дээр шалгагдаж байна. Ийм даргатайгаар сонгуульд оролцох юм бол АН ялагдана. Ялагдах нь тодорхой болчхоод байна. Ялагдах гээд тохироо хийгдсэн гэдэг зүйл ч яригдаж байгаа. Тийм учраас Лу.Гантөмөр та Ан-ын даргын ажлаа өгчих. АН-ыг авч ороод сонгуульд ялчих зоригтой аавын хүү манай намд олон бий. Таныг өргөдлөө өгөхийг бид шаардаж байна" гэсэн юм.

Уг мэдээллийг хийсэн АН-ын гишүүд нь С.Эрдэнийн гэх талд явж байгаад түүнийг Л.Гантөмөртэй тохиролцоо хийх үед "жийгдсэн" Д.Цогтбаатар, Х.Алтанхуяг, И.Цэрэнбат нар байлаа. Тэдэнтэй МоАХ-ы анхдагчдын нэг Д.Рэнцэнтавхай нэгдсэн байв.