Монголчууд хэнд идүүлээд байна

“Хөөрхий хонинууд насан туршдаа чононоос айж явдаг боловч эзэн нь бүгдийг нь идэж дуусгадаг” гэдэг үг бий. Тэгвэл монголчууд Хятадаас айж, ноёдууддаа идүүлсэн ард түмэн гээд хэлчихье.  Монголчуудын сэтгэл зүрхэнд Хятадыг чоно лугаа үзэн ядах үзэл нэвт шингэсэн.

Гэвч түүхийн зах зухаас сөхөөд үзвэл  манай ноёд л биднийгээ тэр чонын аманд хаяж өгөөд байсан юм билээ. Хятадыг үзэн ядах шалтгаануудаас дурдвал:

1.200 гаруй жилийн турш манжийн дарлалд байж, 10 гаруй сая монголчууд 1920 он гэхэд 0,5 сая болтлоо хорогдсон.  

2. 1911 онд  арайхийж эрх чөлөөгөө олтол хятадын генерал Сюй Шү Жан нийслэл хүрээг эзэлж Богдын засгийн газрыг татан буулгаж, автономит эрхийг устгаж Хятадын бүрэлдэхүүн хэсэгт оруулсан. 

3. Одоо хамаг баялгийг маань цөлмөж, хүнс нэртэй хороор  устгах ажиллагаа явуулж байна гээд л хөвөрч өгнө. 

Тэгвэл дэлхийн талыг эзэлж явсан их гүрэн яагаад ийм байдалд хүрэв?   Хэнээс болов  гэдэг асуулт гарч ирнэ.

Тэгвэл: 

1. 1688 онд Сөнид аймгийн нутаг Ар элстэй хэмээх газар Халхын ноёд чуулж Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нар Манж улсад захирагдахыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг үйлдэж Манжийн Энх-Амгалан хаанд өгчээ. Уг бичгийг Манжийн хаан тааламжтай хүлээн авч 1691 оны 4 сард манжид дагаар орсон байдаг. Манжийн дарлалд нэрвэгдэж байх үед манжийн хаан Абахай: Энэ халх ноёдын шунал дуусашгүй юмаа. Эд нар алт, эрдэнэсийн төлөө юу ч хийхэд бэлэн.  Эх орноо ч худалдаж чадна гэж өгүүлсэн нь манжийн үед монголчууд чононд тавьж өгсөн эзэнгүй мал шиг байсныг илтгэнэ. 

2. 1919 онд Сю Сү Жан 10000 цэрэгтэй ирээд монголыг Хятадын бүрэлдэхүүн хэсэгт оруулсан гэж бид ойлгодог. Яг үнэндээ бол төр удирдаж  байсан гадаад яамны сайд Б.Цэрэндорж, цэргийн яамны сайд  Жамъяндорж, Сайн ноён хан Содномдорж, Пунцагцэрэн  гээд олон ноёдууд улаан орос гээч юм  ороод ирэх нь биднийг аварч хамгаал гэж Хятадаас цэргийн тусламж гуйж Баянзүрхийн хөтөл дээр гуулин хөгжимтэй тосч авсан гэдгийг түүхчид нотлоод байгаа. 

3. Манжийн хааны зарлигаар 1778 онд Богдхан уулыг дэлхийн анхны дархан цаазтай болгож хамгаалж  байв. Гэтэл өнөө цагт хэдэн ольгархи бүх амыг нь эзлээд бетонон ширэнгээ босгочихсон. Эх орноо лиценз нэрээр худалдаж алт, нүүрс, зэс, газрын тосоо харийнхантай нийлээд  цөлмөж байна. Тэд буу тулгаж биднээс булаагаагүй. Харин ч Хятад улс нүүрсний хулгайд холбогдсон албан хаагчаа цаазалчихсан. Монголын хулгайчид томилсон шүүхээрээ хамгаалуулаад чөлөөтэй бэлчиж яваа. 

Хамаг үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр устгаж төмрийн хогонд тушаачихаад хугацаа дууссан хамгийн хямд хулхи зүйлсийг зөөж эхэлсэн. Хятадууд ч: “Үүнийг хэн идэх вэ?” гээд гайхаж байсан гэдэг. Энэ бүхний үр дагавар юу болов гэвэл: 1990 оноос өмнө мэддэгүй байсан хорт хавдар гэдэг өвчнөөр  2000 онд 5000 хүн өвчилж байсан бол 2020 онд 202000 хүрсэн байна. Хятадын Мэргэжлийн хяналтын  дарга саяхан мэдэгдэл хийхдээ:  “Манай төрөөс шаардлага хангахгүй хүнс үйлдвэрлэгчтэй тэмцэхэд маш их хөрөнгө зарж байна. Харамсалтай нь Монголд тэдний зах зээл байгаа болохоор тэмцээд дийлэхгүй байна” гэжээ. Хятад биш Монголчууд өөрсдөө эрүүл мэндээ хохироож байгаагаа ойлгох цаг болжээ.

1990-ээд онд манай худалдаачдыг очиход Эрээн хэмээх тосгоныхон гар нүүрээ түмпэнд дүрж угаадаг захын хоцрогдсон нэг суурин байсаныг бид бүгд мэднэ. Монголын баялгаар тэд Улаанбаатартай өрсөлдөхүйц өнөөгийн Эрээн хотыг байгуулсан. Төрийн бодлого, хяналт эзэнгүйрч  өөрсдөө бид хамаг байгалийн баялгаа өдөр шөнөгүй зөөж тэднийг хөлжүүлсэн. 

Цагтаа “Цагаан хэрэм” бариулж байсан хүчирхэг гүрэн ийм байдалд хүрснийг эзэн Чингэсийн сүнс босч ирээд харвал хятадыг биш ийм байдалд хүргэсэн монголчуудынхаа толгойг л авах байхдаа. Биднийг харааж суух хооронд өнөөгийн Хятад гүрэн ямар амжилтад хүрснийг хэн бүхний мэдэх дөрөвхөн жишээгээр харуулья. 

1. Хятад улс боловсрол хүртэгч хүмүүсийн тоогоор дэлхийд тэргүүлж байна.  Хятадын төрийн албан тушаалд байгаа 10 хүн тутмын  8 нь шинжлэх ухааны, инженерийн чиглэлийн хүмүүс байна. 

2. Хятад улсад 1978 оноос хойш 43 жилийн хугацаанд 800 сая иргэдээ ядуурлаас гаргаж нэг тэрбум дөрвөн зуун сая иргэдээ  ядууралгүй болгочихлоо. 

3. Бүтээн байгуулалтын хувьд үндэсний статистикийн товчооны сүүлийн үеийн мэдээллээс харахад орон даяар 648 сая м2 орон сууц баригдсан байна.  1.4 тэрбум хүн ам нь тэр хоосон орон сууцуудыг дүүргэхэд хүрэлцэхгүй байна гэж албаны хүн саяхан мэдээлжээ.

4. Дэлхий даяар тарьсан модны гуравны нэгийг Хятад улс дангаараа бүрдүүлсэн байна. “Умардын гурван хамгаалалт”  хөтөлбөрийн хүрээнд  Монголоос дэгдэх  түйрэнгийн аюулаас хамгаалах 4500 урт, 100 км өргөн нь ногоон хэрмийг байгуулж байна. 

Тэгэхээр юуны өмнө ольгархуудтайгаа тэмцэж, Хятадын төрийн бодлоготой шатар нүүхийн адил ана мана өрсөлдөж, харааж гоншигнохын оронд оронд төрийн хар хайрцагны бодлогоо чамбайруулж, эцэг дээдсийнхээ зангарагийг харуулах  ёстойсон.  

 

 

Бэсүд Дүгэржавын ЭНЭБИШ

 

 

 

сонин mn

 

Эвлүүлэг зургийг Д.Энэбиш

 

Эх сурвалж: www.SONIN.mn