Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байна. 

Шүүхээс түүнд ЭХ-ийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд ЭХ-ийн 22.4-2-т зааснаар НАТЭ-ийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Баттулгад ЭХ-ийн 22.4-2-Т зааснаар 5 жилээр эрх хасаж, 10 сая төгрөгөөр, Пунцагбалжирт ЭХ-ийн 22.4-2-т зааснаар 5 жилээр эрх хасаж 5 сая 400 мянган төгрөгөөр, Энхтүвшин, Бүрэнбадрах нарыг ЭХ-ийн 22.5-1-т зааснаар тус бүр 2 жилээр эрх хасаж 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Харин Жаргалсайхан, Баттулга, Пунцагбалжир нарын ЭХ -ийн 18.6-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө Т.Мөнхбаяр 1.3 тэрбум төлсөн, Б.Жаргалсайхан 1.3 тэрбум төлөхөөс 458 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгосон, 100 сая төгрөг төлсөн, 831 сая төгрөг төлөөгүй үлдсэн аж.

Уг хэргийг эргэн сануулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс очин тусгай хамгаалалтад авч, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлсэн байдаг. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийг удирдаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт холбогдсон юм.