“Монголын Сайтын холбоо” ТББ, Цахим Хөгжил, Харилцаа холбооны Яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран “WEB AWARDS-2023” цахим салбарын тэргүүн наадмыг зургаа дахь удаагаа зохион байгуулж, онцлохуудаа тодрууллаа.

Наадамд цахим салбарын 27 байгууллага, 37 сэтгүүлч, уран бүтээлчдийн бүтээл, онцлох ажлуудаа нэр дэвшүүлсэнээс Мэргэжлийн экспертүүд болон Холбоодын санал, Монголын Сайтын Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэж, дараахь онцлохуудыг тодруулсан байна. Мөн олон нийтийн дунд хийсэн судалгаа, холбогдох экспертүүдийн саналыг үндэслэн тухайн наадмын үеэр Нийгмийн хөгжлийг дэмжигч нарыг нэрлэж, олон нийтэд түгээн дэлгэрүүлдэг уламжлалтй. Энэ удаагийн Наадам Нийгмийн хөгжлийг дэмжигч Онцлох жижиг дунд үйлдвэр, онцлох бүтээн байгуулалт, онцлох үйлдвэр, онцлох цахим үйлчилгээ, онцлох брэнд болон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн нөлөөлөгчийг нэрлэн, хүндэтгэл үзүүлжээ. Цахим салбарын “WEB AWARDS 2023 тэргүүн наадмын Онцлохууд болон Нийгмийн хөгжлийг дэижигч нарыг танилцуулья.

"WEB AWARDS 2023” Цахим салбарын тэргүүн наадмын онцлохууд:

Онцлох орон нутгийн сайт - ХӨВСГӨЛИЙНӨНГӨ.МН

Онцлох гадаад мэдээний сэтгүүлч - ZINDAA.MN  САЙТЫН СЭТГҮҮЛЧ Я.ИНДРА

Сайтын онцлох зураглаач - TOVCH.MN САЙТЫН ЗУРАГЛААЧ Б.ЭРДЭНЭХҮҮ

Онцлох вэб сайт хөгжүүлэгч - ЦАСТ СОЛЮШН ХХК

Онцлох дебют сайт - ZOGII.MN

Сайтын онцлох зурагчин - MPA.MN АГЕНТЛАГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ЗУРАГЧИН Б.БЯМБА-ОЧИР

Онцлох аппликейшн хөгжүүлэгч - ZANGIA.MN

Онцлох төрөлжсөн мэдээллийн сайт - MSPORTS.MN ПЛАТФОРМ

Сайтын онцлох менежер - MASS.MN САЙТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Г.НАНДИН-ЭРДЭНЭ

Сайтын онцлох бүтээл - IVOICE.MN САЙТЫН РЕДАКЦИЙН БҮТЭЭЛ “SIGNATURE” ХӨРӨГ КОНТЕНТ

Онцлох төсөл хэрэгжүүлэгч сайт - URUG.MN

Онцлох редакци - ERGELT.MN

Сайтын онцлох сэтгүүлч - URUG.MN САЙТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, СЭТГҮҮЛЧ У.БОЛОРТУЯА

Онцлох сайт - UBN.MN

"WEB AWARDS 2023” Цахим салбарын тэргүүн наадмын Хүндэт цом - MASS.MN

  • НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

E-MONGOLIA ПЛАТФОРМ, EKIDS ШИЙДЭЛ

  • НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БРЭНД

“ХУШХАН” БРЭНД

  • НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ ҮЙЛДВЭР

МАХ ИМПЕКС ХК

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ НИЙГМИЙН НӨЛӨӨЛӨГЧ - ZARIG.MN САЙТ, ЭРХЛЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ

1. Онцлох Орон нутгийн сайт “Хөвсгөлийн өнгө.мн

Хөвсгөлийн өнгө.мн  цахим сайт  нь зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө орон нутагт мэргэжлийн түвшинд ажиллаж, нийгэмд эерэг мэдээлэл түгээх үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа өөрийн гэсэн өнгө төрхтэй контентууд бэлтгэж хөвсгөлчүүддээ тогтмол хүргэдэг сайт юм. Хөвсгөлийн өнгө сайт нь иргэдэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэхээс гадна  Хөвсгөлийн өнгө пэйж хуудас нь цахим телевизийн хэмжээнд хөгжиж орон нутгийн онцлог болсон Мөсний баяр, Цаатан фестиваль, Дархадтай Дууны наадам зэрэг арга хэмжээнүүдийг шууд дамжуулжээ. Зургаан жилийн турш орон нутагт тогтвортой идэвхтэй ажиллаж ирсэн тус сайтын хамт олон өнгөрсөн 2022 оны МСНЭ-ийн “Ган үзэг 2022” наадмын Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шалгарч байсан амжилт бүтээлээ батжуулж яваа хамт олон ийнхүү ВЭБ АВАРДС 2023 наадмын ОНЦЛОХ ОРОН НУТГИЙН САЙТ-аар тодорчээ.

2.Онцлох гадаад мэдээний сэтгүүлчZindaa.mn сайтын гадаад мэдээний орчуулагч, редактор Ядамсүрэнгийн Индра

Zindaa.mn сайтын Гадаад мэдээний албаны дарга, орчуулагч, редактор Ядамсүрэнгийн Индра нь хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа гадаад мэдээ, гадаадад мэдээллах чиглэлээр дагнан 23 жил ажиллахдаа Монгол Улсыг гадаадад сурталчлах, гадаад улс орны мэдээ мэдээллийг эх хэлээрээ оновтой, тэнцвэртэй, үр егеежтэй бэлтгэн түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Я. Индра нь 2018 оноос өнөөг хуртэл ZINDAA.MN сайтын Гадаад мэдээний албаны дарга, орчуулагч, редактороор ажиллах хугацаандаа нийт 11000 гаруй гадаад мэдээг орчуулан уншигчдад хүргэснээс 3000 гаруй нь тойм, нийтлэл, ярилцлага зэрэг томоохон бүтээл байв. Тэрбээр хилийн чанадад өрнөж буй мэдээ мэдээллийг сорчлон, уншигчдад өгөх өгөөж, мэдлэгийг онцлон, олон улсын харилцаа, улс орнуудын тэнцвэрт байдлыг харгалзан ендер шалгуураар сонгож, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэн уншигчдадаа түгээхийг голчилж ажилладаг. Мөн зөвхөн нэг эх сурвалжийн мэдээлэл бус тухайн үйл явдлын талаар өөр өөр улс орнуудын байр суурийг нэгтгэн, тоймлон хүргэдэг байна. Түүнчлэн Zindaa.mn сайтад нийтлэгдсэн мэдээллээс онцлон англи, орос хэлээр орчуулан түгээхийн зэрэгцээ салбар бүрийн сонирхолтой нийтлэл, эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан, технологийн өгүүлэл, судалгааг орчуулан хүргэж байна. Ийнхүү тэрээр ВЭБ АВАРДС 2023” наадмын ОНЦЛОХ ГАДААД МЭДЭЭНИЙ СЭТГҮҮЛЧ - ээр тодорчээ.

3. Сайтын онцлох зураглаачTovch.mn сайтын зураглаач Баатарын Эрдэнэхүү

Сэтгүүлч Баатарын Эрдэнэхүү нь ТОВЧ.МН сайтыг үүсгэн байгуулалцаж, монголд анхны сошиал медиа сэтгүүл зүйг хөгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, өдгөө тус сайтын мэдээний зураглаач, эвлүүлэгчээр ажиллаж байна. Б.Эрдэнэхүү нь ТОВЧ.МН  сайтынхаа “Дижитал” эрин үеийн сэтгүүл зүйд шинэ өнгө төрх, хэв маягийг бий болгосон гавьяатай нэгэн юм. Тэрээр тус сайтаас бэлтгэн хүргэдэг бүхий л мэдээ, мэдээлэл сурвалжлага, контент, реклам, шторк, постер зэргийн зураглаач эвлүүлгийг өөрөө бэлтгэн үзэгчдэд хүргэхийн сацуу өдөр тутмын бусад мэдээ мэдээллийг мэргэжлийн түвшинд зураг авч эвлүүлэн чанартай, хүртээмжтэйгээр нэвтрүүлсээр байна. Тиймээс Зураглаач, Эвлүүлэгч Б.Эрдэнэхүүг  “Дижитал сэтгүүлзүй-“д оруулсан бодитой хувь нэмрээрээ бусад нэр дэвшигчдээс манлайлан “Веб авардс 2023” тэргүүн наадмын онцлох зураглаачаас тодорчээ.

4. Онцлох вэб сайт хөгжүүлэгч – Цаст солюшн ХХК

Вэб, программ хангамж, сошиал медиа маркетинг, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цаст Солюшн” ХХК түүний дэргэдэх I Marketing agencу цахим хэвлэл мэдээллийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

“Цаст Солюшн” ХХК технологийн зөвлөх үйлчилгээ, ситемийн аюулгүй байдал сервер, дижитал суваг хөгжүүлэлт, модуль хөгжүүлэлт зэрэг чиглэлээр цахим хэвлэл, мэдээллийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монголын хамгийн олон хэвлэл мэдээллийн портал  вэб сайт хөгжүүлсэн компанийн нэг юм.

2018 оноос вэб программ хангамжийн чиглэлээр төрөлжин үйл ажиллагаа явуулж, бизнесийн болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд ахиц гаргасан программ, систем, дизайн, онлайн технологийн шийдлүүд, системийн аюулгүй байдал, сервер, технологийн зөвлөх болон бусад үйлчилгээг нийлүүллээ.

Өнгөрсөн хугацаанд 150 гаруй мэдээллийн портал болон худалдаа, компанийн танилцуулга, зар бүтэээгдэхүүн, үйлчилгээний вэб сайт, бүртгэл тооцооллын программ системүүдийг бүтээн хөгжүүлж захиалгчдадаа хүлээлгэн өгсөн байна. Цаст Солюшн ХХК-д Япон, Австрали, БНХАУ-аас мэргэжлийн өндөр чадвартай Pull Stack хөгжүүлэгч нар ажилладаг бөгөөд tsahiur.mn, eguur.mn, tug.mn, tur.mn, tugeene.mn, tentsver.mn зэрэг 20 гаруй сайт, Өглөөний сонины онлайн захиалгын систем гэх мэт ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэнээрээ цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын онцлох вэб хөгжүүлэгчээр тодорчээ.

5. Онцлох дебют сайтZogii.mn

ZOGII.MN сайт нь цахим хэвлэл мэдээллийн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгон тогтвортой, өсөлттэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сайт үзэгч, уншигчдын таашаалд нийцсэн контентууд, тухайлбал, Эерэг сурвалжилга, Хөрөг сурвалжилга, “Хонх эрэн сурвалжлах нэвтрүүлэг, Шок шог мэдээ хошин тойм нэвтрүүлэг, No comments нэвтрүүлэг, Тодруулга ярилцлага, “On&On подкаст, “Update энтертайнмент нэвтрүүлэг, “Bee music хегжмийн нэвтрүүлэг зэрэг долоо хоног бүр тогтмол үзэгчдийн хүртээл болдог нэвтрүүлэг булангууд нь үзэгч, уншигчдын дунд хүлээлт үүсгэж чадсан байна. Тодруулбал, тус сайтын голлох контентуудын сүүлийн 28 өдрийн сайт болон пэйж хуудсанд хандаж буй үзэгч, уншигчдын тоо нь 3,0 сая давсан нь  уншигч, үзэгчдийн таашаалд нийцэж буйн илрэл юм. Тиймээс ч тогтвортой, өсөлттэй, үргэлж, сонин, содон мэдээллийг хүргэхийг зорьдог тус ажилсаг ЗӨГИЙЧҮҮД цахим сэтгүүл зүйн салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын ОНЦЛОХ ДЕБЮТ САЙТААР тодорлоо.

6. Сайтын онцлох зурагчин MPA.mn агентлагийн үүсгэн байгуулагч, зурагчин  Бямбасүрэнгийн Бямба-Очир

Хэвлэл мэдээллийн гэрэл зураг, шууд дамжуулалтын  MPA.mn агентлаг нь мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээ, зарчмыг чанд баримталж, шуурхай, чанартай  бүтээл туурвидаг юм. MPA.mn агентлаг нь үйл явдлын болон түүхэн гэрэл зургуудаа дотоодын мэдээллийн сайт, телевиз, сэтгүүлүүд, гадаадын AFP, Kyodo news, European press agency зэрэг хэвлэл мэдээллийн  байгууллагад   нийлүүлж байна.

MPA.mn агентлагийн үүсгэн байгуулагч Бямбасүрэнгийн Бямба-Очир нь 2005-аас 2011 онд өдөр тутмын “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн сурвалжлагч,  2011-ээс 2013 онд Фото мэдээллийн inet.mn сайтад Гэрэл зургийн сурвалжлагчаар тус тус ажиллаж байгаад хэвлэл мэдээллийн гэрэл зураг, шууд дамжуулалтын MPA.mn агентлагийг 2013 онд үүсгэн байгуулж, өдгөө 10 дахь жилдээ үйл ажиллагаага өргөжүүлэн, тогтвортой ажиллаж байна. Б.Бямба-Очирын үүсгэн байгуулсан Тус агентлаг нь гэрэл зургийн төрлөөр дагнаж дотоод, гадаадын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагауудаар үйл явдлыг гэрэл зураг, дүрсээр чанарын өндөр түвшинд түгээн, түүхийг баримжуулж буй бүтээлч ажлаараа цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын Онцлох гэрэл зурагчин номинацийн эзнээр тодорчээ.

7. Онцлох аппликейшн хөгжүүлэгч – Zangia.mn

Зангиа Портал ХХК нь 10,000 гаруй гишүүн байгууллага, 850,000 идэвхтэй хэрэглэгчийг холбон хүний нөөцийн салбарт 14 төрлийн төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус компанийн хөгжүүлж буй Zangiа аппликейшн нь 150 гаруй төрлийн сургалт 170,000 гаруй хэрэглэгчтэй, 50 гаруй багш, 70 гаруй мэдлэг бататгах тест, дасгал ажил бүхий хамгийн олон үнэгүй сургалтыг агуулан хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Түүнчлэн 250 гаруй үнэгүй аудио ном 200,000 гаруй сонсогчид хүрэхээс гадна сонгодог уран зохиол, мэргэжлийн хичээлүүд аудио хэлбэрээр, монголын хамгийн өргөн эх сурвалжит гадаад мэдээний цахим хуудас, монголын анхны сонсдог мэдээг Чимэгэтэй хамтран бүтээгээд байна. “Бүх төрлийн гадаад мэдээг нэг дороос” уриатай Zangia News сайт нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн гэсэн аппликейшнтэй анхны сайт болж, “Аудио мэдээ” төслийг амжилттай хэрэгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Zangia.mn нь xарилцагч байгууллагуудынхаа бизнесүүдийг холбох, бизнесийг дэмжих, сурталчлан таниулах зорилгоор ZangiaB2B буюу Business to Business үйлчилгээг нээсэн. Энэ нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зар мэдээллийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байршуулах боломж юм. Одоогоор ZangiaB2B-д 1,000 гаруй байгууллагын 8,000 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ байршсан байна. Амжиллтай хэрэгжүүлсэн төслүүдээрээ хэдийнэ хэрэглэгчдийн таатай хэрэглээ болсон Зангиа аппликейшн цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын ОНЦЛОХ АПП ХӨГЖҮҮЛЭГЧээр тодорлоо.

8. Онцлох төрөлжсөн мэдээллийн сайт – Msports.mn сайт

Монголын спортын шийдэл ХХК-ийн 2021 оноос хөгжүүлж буй Msports.mn спортын нэгдсэн платформ нь “Спортоор өөрийгөө цэнэглэ” уриан доор спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААНБ-ын мэдээ мэдээллийг нэгдсэн нэг мэдээллийн санд төвлөрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ, клубуудын сургалтын төлбөр тооцоог онлайнаар хийх, кассын системийг ашиглах, спортын бүртгэл, хуваарь, мэдээ мэдээлэл, спортын контент зэргийг нэг дороос авах боложмийг бүрдүүлдэг юм байна. Түүнчлэн спортыг таниулах онлайн видео хичээл, спортын гэмтэл, спортын хоол зүйн цуврал видео хичээлүүд зэрэг мэдээллийг бэлтгэж, өөрийн youtube хуудас, facebook page, инстаграм сувгуудаар хүргэдэг. Мөн гадаад дотоодын томоохон тэмцээн уралдааныг газар дээрээс нь сурвалжлан хүргэх зорилгынхоо хүрээнд ”Ханжау 2023 Азийн наадмыг сурвалжилж, нийт 5,9 сая хүнд хүрч, 4 сая видео үзэлт, 152 мянган эерэг сэтгэгдэл, илэрхийллийг  уншигчдаасаа авч чадсан байна. Тус хамт олон 2022 оны 1 сараас хойш 1,248 спортын мэдээ, мэдээлэл, контентийг бэлтгэж, 2023 онд нийт 25 сая гаруй хүнд хүрчээ. Мөн Апп хэрэглогчийн тоо 50к гаруй болж msports платформын 15к гаруй гишүүдтэй, 140 гаруй гишүүн байгууллагатай болж цар хүрээгээ өдрөөс өдөрт тэлэн спортоор дамжуулан эерэг хандалгыг түгээх, эрүүл чийрэг иргэдийг хегжүүлэх зорилгоор урам дүүрэн ажиллаж байгаа баг цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын ТӨРӨЛЖСӨН МЭДЭЭЛЛИЙН САЙТаар тодорлоо.

9. Сайтын онцлох менежерMass.mn сайтын Ерөнхий менежер Ганболдын Нандин-Эрдэнэ

Mass.mn сайтын Ерөнхий менежер Ганболдын Нандин-Эрдэнэ нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл MASS.MN сайтад Ерөнхий менежерээр ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд MASS агентлагаас санаачлан, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн продюсераар амжилттай ажиллаж, улмаар жижиг дунд бизнесийг дэмжих, таниулах сурталчлах “Баялаг бүтээгч” урт хугацаанд хэрэгжүүлэх төслийг гардан эхлүүлсний үр шимээр МАСС.МН сайт цахим салбарын “ВЭБ АВАРДС 2019” тэргүүн наадмын “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”-аар тодорсон билээ.

Г.Нандин-Эрдэнэ нь MASS.MN сайтын үйл ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөцийн бодлогод онцгой анхаарал хандуулж, дотоод гадаадын компаниудтай харилцан уялдаатай хамтран ажиллаж, хариуцсан ажлаа гүйцэтгэл чанарын өндөр түвшинд хүргэж хийж хэрэгжүүлж чадварлаг, туршлагатай, бүтээлч менежер юм. Тэрээр 2019 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтн медаль, 2012 онд Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Хүндэт жуух бичиг, 2021 онд Нийслэлийн Хүндэт жуух бичгээр  тус тус шагнагдсан байна. Тийм ч учраас Г.Нандин-Эрдэнийг Цахим салбарын “ВЭБ АВАДРС 2023” тэргүүн наадмын Онцлох менежерээр санал нэгтэй тодруулжээ. 

10. Сайтын онцлох бүтээл - Ivoice.mn сайтын редакци -  “Гарын үсэг” хөрөг контент

Хүний эрхийн дуу хоолой уриатай Ivoice.mn сайтын редакцийн долоо хоног бүр тогтмол бэлтгэдэг “Гарын үсэг” хөрөг контент нь хүний амьдралын эгэл, бодит түүхийг нэмэлт харчиргүй ч сонирхол татахуйц дэглэлтэйгээр хүргэдгээрээ уншигчдын анхаарлыг татаж иржээ. Эгэл жирийн  иргэний амьдралын түүхээс эхлээд нийгэм эдийн засаг, урлаг соёл, спорт, улс төр зэрэг бүхий л салбарын төлөөллийг энэхүү контентдоо урьж ярилцдаг байна. Тодруулбал, бидний дунд эргэн тойрондоо аз жаргал, баяр баясал түгээж, туулсан амьдралаараа ухаарал сургамж өгч, басхүү тууштай хөдөлмөр, амжилт ололтоороо эрч хүч, хүсэл мөрөөдөл бэлэглэдэг, амьдралыг амттай болгож, эрч хүч өгдөг энгийн нэгнийг сонгодог нь ”Гарын үсэг” контентын гол онцлог болдог байна. Тэдгээр гол баатруудын ярилцлагаар дамжуулан сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх үүрэгтээ өөрсдийн редакцийн хувь нэмрээ оруулах нь “Гарын үсэг” контентын гол зорилго хэмээн тодорхойлон ажллаж байна. Өнгөрсөн хугацаанд эгэл жирийн, онцгой содон 44  баатрыг  контентдоо урьж ярилцсан бөгөөд  нэг дугаар дунджаар 500 мянгаас  1 сая давсан үзэлт, хандалтыг авчээ. ivoice.mn сайтын редакци 2024 онд “Гарын үсэг”  контентоо унших, сонсох, үзэх  зэрэг хүртэхүйн бүхий л хэлбэрээр бэлтгэн хүргэхээр төлөвлөн ажллаж байгаа юм байна. Нийгэмд эерэг хандлага, нөлөөллийг тодорхой хэмжээнд бий болгож буй “Гарын үсэг” хөрөг контент цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын ОНЦЛОХ БҮТЭЭЛээр тодорчээ.

11. Онцлох  төсөл хэрэгжүүлэгч сайтUrug.mn сайт

Urug.mn сайт нь 2019 онд сэтгүүлч У.Болортуяа, Б.Болорчимэг нарын үүсгэн байгуулж, хувь эзэмшигчдээ зарласан, ил тод ажиллаж буй Монголын анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгээрээ онцлог юм. Тус сайтын чадварлаг хамт олон өнгөрсөн онд олон төслийг хэрэгжүүлжээ. Тодруулбал, эх орноо орхин гадаад улсыг зорих иргэдийн тоо жил ирэх тусам ихсэж байгаатай холбоотойгоор “Эх орондоо үлдэнэ”, цагаан сарын үеэр олон тэрбум төгрөгийн хөрөнгийн урсгал гадагш урсаж буйг онцлон “ЭЛГЭН САДАНДАА БАРИХ ЭКО БЭЛЭГ”, Inspired by Zaya сургалтын төвтэй хамтран гадаад хэлийг хялбар аргаар сурах зөвлөгөө мэдээллийн Англи хэл сурцгаая” медиа төсөл, иргэдийн эрх зүйн боловсролд чиглэсэн зөвлөгөө мэдээллийн “Хуулийн зөвлөгөө”, Хөтөч төвтэй хамтран гадаад улс оронд аялахад нэн шаардлагатай, анхаарах асуудлыг хөндсөн зөвлөгөө мэдээллийн “Аялах зөвлөгөө” медиа төсөл, Улаан загалмай нийгэмлэгийн санаачилсан хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлэх “Өсвөрийн аврагч”, Эрүүл амьдралын жигүүр ТББ – тай хамтран өсвөр насныханд эрүүл мэнд, санхүү, сэтгэл зүйн боловсрол олгох “Жигүүр” төсөл, HI PAY аппликэйшний хэрэгжүүлсэн “Улаанбаатар марафон” нь олон улсын шинж чанартай төслийн мэдээллийн ивээн тэтгэгч, мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг шинэ түвшинд хүргэх 3000 инженерийг бэлтгэх, старт ап компаниудыг бодлогоор дэмжих ICT expo арга хэмжээнд мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцсон зэрэг 10 гаруй бүтээлч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэмжиж ажилласанаараа цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын Онцлох төсөл хэрэгжүүлэгч сайтаар тодорчээ.

12. Онцлох редакци  - ЭРГЭЛТ.МН сайт

“Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай ERGELT.MN мэдээллийн сайтын редакц нь “БАЛДОРЖ”, “ГАН ҮЗЭГ” шагналт редакц бөгөөд эрэн сурвалжлах, улс төр, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, хүүхдэд зориулсан бүх төрлийн мэдээ мэдээллийг мэргэжлийн түвшинд, шуурхай, ёс зүйтэй бэлтгэн, уншигч, үзэгчдэдээ хүргэхийг зорин ажиллаж байна. Тус хамт олон мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилгынхаа соён гэгээрүүлэх агуулга, эх сурвалжийн үнэ цэнийг цаг ямагт тэргүүнд тавин ажиллахаас гадна сайтынхаа дизайн, өнгө төрхийг олон төрлийн дэвшилтэт үйлчилгээгээр тасралтгүй хөгжүүлсээр байгаа билээ. Ergelt.mn мэдээллийн сайт нь эрэн сурвалжлах, байгаль орчин, нийгэм, эдийн засаг, уул уурхай, хүүхэд, залуусын чиглэлээр мэргэшсэн туршлага, чадвартай нийтлэлч, сэтгүүлч, зураглаач, уран бүтээлч нийлсэн 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус сайтын редакц нь сэтгүүл зүйн үнэ цэнийг өсгөх, сэтгүүлчдийнхээ хөдөлмөр, бүтээлийг үнэлэх, мөнхжүүлэх, сэтгүүлч мэргэжлээр суралцагч оюутан залуус, сонирхогчдод гарын авлага, судалгааны бүтээл болгох зорилгоор “Эргэлтийн номын сан” сэтгүүл зүйн шилдэг бүтээл цувралыг санаачлан, эхний 10 номоо тус бүр 500 хувь хэвлүүлэн уншигчдад хүргэсэн. Мөн сайтынхаа хоёр жилийн ойгоор улирал тутамд бүтээж байхаар “Эргэлт” сэтгүүлийг өдөр тутмын сонины бүтэцтэйгээр, бүх насныханд зориулан А5 хэмжээтэй, 342, 450 хуудастай, нийт 116, 136 материал багтаасан сэтгүүлийг гаргаад байгаа зэрэг редакцийнхаа хамт олны хичээнгүй хөдөлмөрийн бахархам амжилтаар цахим сэтгүүл зүйн салбарын “ВЭБ АВАРДС 2023” наадмын онцлох редакциар тодорчээ.

13. Сайтын онцлох сэтгүүлчUrug.mn сайтын Эрхлэгч, сэтгүүлч Ууганбаярын Болортуяа

Urug.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Ууганбаярын Болортуяа нь 2010 оноос “Шууд” телевизийн мэдээний албанд сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлж, 2019 ондҮг МедиаХХК-ийг сэтгүүлч Б.Болорчимэгтэй хамтран үүсгэн байгуулж, Urug.mn контент сайтыг нээн, өнөөдрийг хүртэл амжилттай тогтвортой эрхэлж байна. Тэрээр 2013 онд Монголын Телевизүүдийн Холбооны “Алтан Шонхор” наадмын шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг, 2014 онд БШУЯ-аас зарласан уралдааны “Шилдэг бүтээл” тэргүүн байр, 2015, 2016 онд “Наранбаатар сан”-ийн нэрэмжит уралдааны Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл, 2017 онд “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл” уралдааны тэргүүн байр, 2018 онд Глоб интернэшнл төвийн “Үнэний төлөө” шагнал, Транспэрэнси ОУБ-ын “Transparency award for youth” шагнал, 2021 онд МСНЭ-ийн “Ган Үзэг”-ийн эзэн болжээ. Сэтгүүлч У.Болортуяа 2023 онд өөрийн бэлтгэн хүргэдэг “Улс төрийн задлан”, “Эрэн сурвалжлагч У.Болортуяа” нэвтрүүлгүүдээрээ улс орны улс төр, эдийн засгийн чухал асуудлуудыг эрэн сурвалжилж, хөндсөн сэдэв бүртээ тодорхой үр дүн, өөрчлөлтийг гаргаж чадсанаараа цахим салбартаа ийнхүү хүлээн зөвшөөрөгдөж “”Вэб авардс 203” тэргүүн наадмын ОНЦЛОХ СЭТГҮҮЛЧээр тодорчээ.

14. Онцлох сайт – UBN.MN сайт

“Улаанбаатар ньюс” ХХК-ийн харьяа мэдээллийн шинэ сайтын загвар болж буй UBN.mn сайт нь 2021 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж, улам бүр ололт амжилтаа ахиулж иржээ. Өнгөрсөн хугацаанд улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр голлож үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд улс төрийн анализ нийтлэлээрээ мэдээллийн сайтын зах зээлд амжилттай ажиллаж, өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгоод байна.

Сайтын нийтлэл нэвтрүүлэгүүд нь асуудлын голч өнцгийг олон нийтэд зөвөөр хүргэх үйл явдалд уншигчдыг хөтлөх бус үйл явдлыг үнэлж, дүгнэж өөрсдийн хэмжээнд боловсруулах дадал, шинэ хэв маягийг суулгахыг зорьж байгаа аж. 2023 оны хувьд улс төрийн бүх үйл явдалд түрүүлж мэдээлж, асуудлыг урьдчилсан байдлаар үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлд голлон ажиллаж ирсэн нь өөрийн гэсэн уншигчдын хүрээллийг бүрдүүлжээ. UBN.mn сайтын хамт олон цуврал нийтлэл, анализ нийтлэл, визуаль тойм, улс төрийн “Гол дүр”, урлаг соёлын видео контентуудыг түргэн шуурхай чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлсээр ирсэн бөгөөд салбартаа өөрийн онцлог хэв шинжээрээ ялгаран ажиллаж, 2022 онд МСНЭ-ийн “Ган Үзэг” тэргүүн наадмын шилдэг сайтаар шалгарсан бол цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын ОНЦЛОХ САЙТаар тодорлоо.

15. Хүндэтгэлийн цом - Mass.mn сайт

Цахим сэтгүүл зүйн салбарт өөрийн өнгө төрхийг бүрдүүлэн хэдийнээ 10 жилийг ардаа орхисон Mass.mn сайт байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл мэдээ мэдээллийг баримтад тулгуурлан, тэнцвэртэй мэдээллэхийн зэрэгцээ оюуны өмчийг дээдлэн, мэргэжлийн ёсзүйг эрхэмлэн олон нийтийн мэдэх эрхэд нийцсэн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэсээр иржээ. Тус сайтын хамт олон цахим орчинд өөрсдийн орон зайг тогтвортой үнэнч хэрэглэгчдээр бүрдүүлсэн нь өнөөдрийн байдлаар 1.1 сая дагагчтай, үзэлт хандалтаараа давхардсан тоогоор 5.6 саяд хүрэн Монголын ТОП-5 сайтын нэг болж чаджээ.

Түүнчлэн MASS  хуудас нь албан ёсны цэнхэр тэмдэг авсан, шууд дамжуулалтыг нэвтрүүлсэн анхдагчдын нэг билээ.  Мөн анхны эрхлэгч асан Ж.Жаргалсайхан нь Монголын сайтын холбоо хэмээх цахим салбарын ууган мэргэжлийн байгууллагын шанг таталцаж, хоёр дахь ерөнхийлөгчөөр ажиллан, салбарын түүхийг нэр төртэй бичилцсэн билээ. Өнөөдөр Mass.mn сайтаас улстөр, эдийн засаг, нийгэм, эрэн сурвалжлах чиглэлийн мэдээ мэдээллийг үзэх, унших боломжтойгоос гадна телевизийн хэмжээнд мэргэжлийн уран бүтээлчид ажиллаж, асуудал хөндсөн нэвтрүүлэг, сурвалжлага эерэг ярилцлага бусад контентуудыг бэлтгэн хүргэж байна. Тиймээс арван жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн угтсан Масс.мн сайтын хамт олон цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын эрхэм хүндтэй цомыг гардан авах хамт олноор тодорчээ.

 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ

1. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ - E-MONGOLIA ПЛАТФОРМ - EKIDS ШИЙДЭЛ

Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, цаг хугацааг хэмнэж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд чиглэгдсэн зорилготой И-Монголиа платформ хэдийн хүн бүрийн танил, өдөр тутмын хэрэглээ болж чаджээ. И-Монголиа үйлчилгээнд нэвтэрснээс хойш иргэд 37,442,925 үйлчилгээг авсан бол идэвхтэй хэрэглэгчийн тоо 1,718,182хүрчээ. И-Монголиа систем одоогоор 1030 үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм байна. Мөн цахим орчинд хүүхдийг аливаа зохисгүй агуулга бүхий мэдээ, мэдээлэл, контентоос хамгаалах, цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалж, аюулгүй зөв, зохистой оролцоход зөвлөгөө мэдээлэл өгөх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахыг зорилгоор EKIDS шийдэл юм. Энэ нь эцэг эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлснээр эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ байршлыг хянах, аюулгүй байдлыг хангах боломжтой цонх юм. Мөн эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад хэрэгтэй цахим орчны зохистой хэрэглээний талаарх зөвлөгөө, цахим орчны зохистой хэрэглээний тухай нийт 93 видео шторк, 226 постер, 230 нийтлэлийг байршуулахаас гадна жил бүр хүүхдийн дуу хоолой, тэдэнд тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг сонсох зорилгоор эссе бичлэг, захидлын уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг юм.

2. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР – РИНЦЕСС МОНГОЛИА" ХХК

Үндэсний үйлдвэрлэгч "Принцесс монголиа" ХХК нь хувцас загварын үйлдвэрлэл, худалдаа болон загварын шоу, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Тус компани өдөр тутам, уламжлалт загварын 250 гаруй шинэлэг загварыг худалдаанд гаргажээ.

Түүнчлэн "Принцесс монголиа" ХХК нь "Florence" загварын шоуг Монгол улсад хоёр жил дараалан амжилттай зохион байгуулж, загварын ертөнцийн карьер нь амжилттай яваа нэр алдартай топ моделиуд оролцдог үндэсний хэмжээний шоу болгож чаджээ. Түүнчлэн тус компани өнгөрсөн хугацаанд өдөр тутам, уламжлалт загварын 250 гаруй шинэлэг загварыг худалдаанд гаргаад байна.

Хэрэглэгчдэдээ шууд ба шууд бус худалдааны зарчмаар бүтээгдэхүүнээ хүргэдэг худалдааны онцлогтой тус компанийн захирал Номинсондор нь цахим орчинд хувцас, загварын уялдааг сурталчлагч нөлөөлөгч бөгөөд охид бүсгүйчүүдэд эерэг хандлага бий болгох, хувцас загвараар дамжуулан үндэсний хувцасаа сурталчлан таниулах, үндэсний өнгө аястай хувцас, хэрэглэлийг өдөр тутмын түгээмэл хэрэглээг бий болгоход манлайлан ажиллаж байна. Тэдний хамт олон ирэх 2024 онд "Florence" загварын шоуг хилийн чанадад зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Энэ нь загварын агентлагуудын бүтээлийг хилийн чанадад таниулан сурталчлах ач холбогдолтой юм. Тиймээс онцлог шинэж, тогтвортой өсөн дэвжиж яваа Принцесс Монголиа ХХК-ийн хамт олныг Цахим салбарын “WEB AWARDS 2023 тэргүүн наадмын НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ОНЦЛОХ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР-ээр нэрлэжээ.

3. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БРЭНД – ХУШХАН БРЭНД

“Эрүүл хүнсээр дэлхийг дайлна уриатай” Nord road ХХК нь 2014 оноос эхлэн байгальд ээлтэй үйлдвэрийн аргаар нэмүү өртөг шингээн хуш модны самар, чөмгийг боловсруулж, ариутгаж савласан “Хушхан” брэндийг бүтээж, дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд гаргаж байна. “Хушхан” брэндийг анх 2016 онд БНХАУ-руу экспортолж, 2020 онд ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн бол 2021 онд  14001:2018 стандартыг эхлүүлсэн байна. Тус компани байгалийн нөөц ашигласны төлбөрт 6.3 тэрбум төгрөг, экспорттой холбоотой бусад төлбөрт 7,9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаажээ.

Тус үйлдвэр хоногт дунджаар 3-4 тонн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд хушны самрыг цөмөx, цэвэрлэx, сортлоx болон савлаx гэсэн үйлдвэрийн 3 цехээр дамжуулан, нийт 20 дамжлагаар боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн гаргаж байна.

Хушхан брэнд нь "100 ХУВЬ МОНГОЛ ОРГАНИК ХҮНС"-ний гэрчилгээ авсан, стандартын шаардлага хангасан, нөөшлөгч, хугацаа уртасгагч агуулаагүй, уураг, антиоксидантаар баялаг бүтээгдэхүүн юм. Тус брэндийг Испани, Итали, Герман, Турк, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудад экспортолдог байна. Тиймээс цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БРЭНДээр ХУШХАН БРЭНДийг нэрлэж байна.

 

3. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ ҮЙЛДВЭР – МАХ ИМПЕКС ХК

“Мах импэкс” хувьцаат компани Австри улсын BERTSCH-Laska групп компанитай хамтран, хоногт 50 тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр нь эрүүл ахуйн стандартын шаардлагыг өндөр түвшинд хангасан Ази тивийн дөрөв дэх үйлдвэр болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг олон улсад экспортлохоор боломж бүрдэж байна. Эхний ээлжинд Хятад, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна. Тус үйлдвэр түүхий утлагат салями, беконыг шарах төхөөрөмжийг МОНГОЛД АНХЛАН үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна. Ингэснээр хэрэглэгч импортыг орлох мах, махан бүтээгдэхүүн, дэлхийн амтыг эх орондоо мэдэрч, дотоодоосоо худалдан авах боломж бүрдсэн байна. Энэхүү үйлдвэр нь ISO: 9001, ISO:22000, HACCP стандартыг мөрдөж ажиллаж байгаа бөгөөд цаашид Австри улсын BERTSCH-Laskа компанитай хамтын ажиллагаагаа үргэлжүүлж, 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хүнсний зориулалтын хөргөлттэй агуулах, 40 тоннын багтаамжтай махыг хорогдолгүй гэсгээх, мах ангилан сортлох үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ийнхүү МАХ ИМПЕКС ХК өндөр технологийн шинэ үйлдвэрийг НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРээр Цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадам ОНЦОЛЖ байгаагаа зарлаж байна.

4. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – БАРИЛГАЧИН ГРУПП ХХК - “БАРИЛГАЧИН” ХУДАЛДААНЫ ТӨВ

Барилгачин групп нь Барилгын материалын худалдаа, тээвэр зуучлал, “БАРИЛГАЧИН” худалдааны төв зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Засгийн газраас барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого, Нийслэлийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд олон улсын жишигт нийцсэн “БАРИЛГАЧИН” худалдааны төвийг Барилгачин группын хамт олон барьж ашиглалтанд оруулаад байна. Тус төв нь баруун бүсэд байрлаж байгаагаараа онцлог бөгөөд хотын түгжрэл, төвлөрлийг сааруулж, баруун чиглэлийн 15 аймгийн худалдан авагчдын эрэлт хэрэгцээг нэг дороос хангаж, цаг хугацааг хэмнэх бөгөөд бизнес эрхлэгчдийн таатай орчныг бүрдүүлэн 100 гаруй ажлын байрыг бий болгоод байна. Иймээс цаг үеэ олсон, түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулалт хэмээн цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадмын НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-аар нэрлэжээ.  

5. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ НИЙГМИЙН НӨЛӨӨЛӨГЧ – ZARIG.MN САЙТЫН ЭРХЛЭГЧ НАРАНГИЙН ӨНӨРЦЭЦЭГ

Zarig.mn видео сайтын  эрхлэгч Н.Өнөрцэцэг 2017 оноос хойш “Төсвийг мөшгөе” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг хийж, төсвийн мөнгөний хууль бус зарцуулалтыг мөшгөж эхэлсэн бөгөөд 2022 оны эхнээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй Аж Ахуйн нэгжүүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд хүргэж ажилласаар Хөгжлийн банк 1,5 их наяд төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэхэд нөлөөлж чаджээ. Түүнчлэн Боловсролын Зээлийн сангийн олон жилийн турш бугшсан асуудлуудыг илчилж, хууль журманд өөрчлөлт орж, 3,0 тэрбум төгрөг эргэн төлөгдөхөд нөлөө үзүүлж чаджээ. Мөн харамсалтайгаар амиа алдсан ч донор болж бусдад амьдрал бэлэглэсэн хохирогч А-д хариуцлагагүй хандсан асуудлыг ил болгож, донорын тухай хууль тогтоомжийг өөрчлөх ёстойг нийгэмд хүргэж, төр засгийн анхааралд оруулж чадсан. Түүнчлэн хохирогчийн ар гэр, хүүхдүүдийг  байртай болгох хандивын аяныг эхлүүлж 17 цагийн дотор 202 сая төгрөг цуглуулжээ. Түүнчлэн 326-р цэргийн ангид амиа алдсан цэргийн хэргийн эргэн тойронд болж буй асуудлыг сурвалжлан олон нийтэд хүргэж, улмаар Батлан хамгаалах салбарт нийгмийн анхаарлын төвд оруулж, “Ахиад өгөх амь алга. Одоо зогсооё” хэлэлцүүлгээр зохион байгуулсан зэрэг олон сэдвүүдийг хөндөж, бодитой, тодорхой үр дагаварт хүргэж буйг НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ НИЙГМИЙН НӨЛӨӨЛӨГЧөөр тодруулан  Цахим салбарын “ВЭБ АВАРДС 2023” тэргүүн наадам ОНЦОЛЖ байгаагаа зарлаж байна.

МОСАХ-ны Ажлын алба