Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед “Машин дотроос эд зүйл алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хотхоны гадна байрлуулсан Бонго маркийн автомашинаас 30 настай, эрэгтэй "А" гэгч нь эд зүйл хулгайлсныг эрэн сурвалжилж олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлд мөнгө, бусдын анхаарал татах эд зүйлс хадгалахгүй, үлдээхгүй байх, харуул хамгаалалттай зогсоолд байршуулах, телехяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг эзэнгүй, цоожгүй, цонх нээлттэй, асаалттай орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг  ЦЕГ-аас анхаарууллаа.