Их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж байгаа том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, гал алдсаны улмаас гурван хүн эндсэн харамсалтай үйл явдал боллоо. Улс даяараа гашуудаж байна. 

"Хэргийн газрын үзлэг хийгдэж дууссаны дараа ойр орчмын барилгын чанарын судалгаа хийгдэнэ. Одоогоор галд өртсөн гурван хүүхдийн талаар мэдээлэл ирээгүй байна. Нийслэлийн онцгой байдлын газрын бүх алба хаагчид ажиллаж байна.

Ослын улмаас 62 өрхийн 178 иргэн ослын улмаас хохирсон гэх мэдээлэл ирээд байна. Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг нь яаж хангах гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Одоогийн байдлаар 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хохирлыг хэрхэн барагдуулах гэх асуудлыг НОК судалж байна. Мөн 28 шатсан автомашиныг зөөвөрлөх, үзлэг дууссаны дараа ослын газрыг цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авна. Хамгийн гол нь осолд өртсөн барилгын хийцэд өөрчлөлт орж нурах эрсдэлтэй эсэхийг тодорхойлно. Бусад мэдээллийг ослын газрын үзлэг дууссаны дараа хууль, эрүүл мэндийн байгууллагууд өгнө. Хальтаргаанаас осол үүссэн эсэхийг хууль байгууллага тодорхойлно. Бид Баянзүрх дүүргээс тодруулахад, “Зам дээр давс, бодис тогтмол цацсан” гэх мэдээлэл өгсөн” гэж Нийслэлийн  Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.

Тэгвэл иргэд Нийслэл хотод байгаа бүх шатахуун түгээх газруудад шалгалт хийхийг шаардаж давлагаалж байна. Ихэнхи иргэд стандарт бус шатахуун түгээх газруудыг нэн даруй татан буулгах шаардан байр сууриа дараах байдлаар илэрхийлсээр....

Шатахуун түгээх станц барих норм дүрэм, стандарт гэж бий.Тухайлбал, олон нийтийн барилгаас 25-80 метр зайд барих ёстой. Гэвч энэхүү стандартыг бүгд мөрдөж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ердөө нэг жишээ татахад Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн хашаанд тулгаж ШТС барьсан нь олны анхаарлын төвд орсон. Гэсэн ч өнөөг хүртэл уг шатахуун түгээх станцыг татан буулгаагүй хэвээр байгаа юм.