Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхлаа. 

Үүний дараа тэд хамтарсан мэдээлэл хийсэн юм.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр "Хүйтэн өдрүүдэд халуун дулаан хүлээн авсан та бүхэнд талархал илэрхийлье. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын бэлтгэлээ базааж буй энэ үед биднийг хүлээн авсанд талархаж байна. 

Манай хоёр улс газар зүйн хувьд хол ч гэлээ үнэт зүйлс нь ижил билээ. Ялангуяа ардчилал, эрх зүйт төр хэмээх ижил үнэт зүйлстэй. Геополитикийн хүнд нөхцөл байдал, шинэ эрсдэлүүд бий болж буй энэ цаг үед бид ойр түншилж байгаад баяртай байна. 

Бидний хамтын ажиллагаа өргөн хөгжиж, улмаар найз нөхдийн холбоотой болж ирлээ. Өчигдөр бид Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч буй. 

Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагаа боловсрол, соёл, батлан хамгаалах зэрэг салбарт амжилттай үргэлжилж байна. Дараагийн хамтын ажиллагаа буюу манай хоёр орны харилцаанд тодоор үлдэх арга хэмжээ нь 2026 онд Боннд Монгол Улсын түүх соёлыг харуулах томоохон үзэсгэлэн нээхээр төлөвлөсөн явдал. 

Ийнхүү хамтын ажиллагаа амжилттай сайн байгаагийн үндэс нь иргэд юм. Хэрэгжиж буй төслүүдэд хүмүүсийн найрсаг харилцаа томоохон хувь нэмрээ оруулсан. Олон монгол хүн Германд суралцсан билээ. Тэдний зарим нь эх орондоо буцсан бол зарим нь Германд ажиллаж амьдарч байна. Манай хоёр улсын иргэдийн харилцаа нягт уялдаатай хөгжиж ирсэн.

Ирэхээсээ өмнө зарим тоон мэдээллийг харахад Монгол Улсын хүн амын нэг хувь нь германаар ярьдаг, 8,800 сурагч герман хэлийг сурч байгааг харах надад бахархалтай сайхан байлаа. Би айлчлалынхаа хүрээнд сургуулиудад очиж, хүүхдүүдтэй ярилцах болно.

Мөн н.Галбадрах хэмээх айлд очиж, Цагаан сарын бэлтгэлээ хэрхэн хангаж буйг сонирхож, ярилцах гэж байгаадаа их баяртай байна. Луу жилээ угтах гэж буй та бүхэнд шинэ жилдээ аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе" гэлээ.