“Эрдэнэс тавантолгой” ХК-аас өнгөрөгч нэгдүгээр сард 2022 оны ногдол ашгийг иргэдэд олгосон. Харин ирэх дөрөвдүгээр сард 2023 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108.7 төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна.

Та эзэмшиж буй хувьцааныхаа тоог 266 төгрөгөөр үржихэд таны авах мөнгөн дүн гарах юм. Үүнээс ХХОАТ-ын 10 хувийн татвар суутгахыг анхаараарай. Жишээ нь:

  • Иргэн Б 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа тул 285 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Гэхдээ ХХОАТ-ын 10 хувийг суутгаад иргэний дансанд очих мөнгөн дүн нь 256 мянга болох юм.
  • Иргэн Г 750 ширхэг хувьцаатай. Нэгж хувьцааг 266 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 199,500 төгрөг болж байна. Үүнээс татварын 10 хувийг суутгаснаар иргэн Г-ийн дансанд 179 мянган төгрөг шилжих нь.
  • Иргэн А “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 222 ширхэг хувьцаа (сургалтын төлбөрт суутгуулсан, Засгийн газарт худалдсан тул) эзэмшиж байна. Түүний эзэмшиж буй 222 ширхэг хувьцааг нэгж хувьцааны үнэ болох 266 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 59,052 төгрөг болж байна. Үүнээс 10 хувийн татвар суутгаад иргэн А-ийн дансанд 53 мянган төгрөг шилжих юм.
  • Иргэн Ж хувьцаа эзэмшдэггүй. Тиймээс тэр хувьцааны ногдол ашиг авахгүй.

Дашрамд дурдахад, зарим иргэдийн хувьд оюутан байх хугацаандаа сургалтын төлбөрөөрөө сольж арилжаа хийж байсан. Мөн 1072 хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй учир нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ.