УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад улстөрд эргэн ирж буйгаа зарлалаа. Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ өөрт тань үүсгэсэн байсан бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон гэж ярьсан. Хэзээ, ямар хэргүүд үүсгэсэн байсан билээ?

Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн 4 жил УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан чимээгүй, даруу төлөв, иргэн хүний амьдралаар явлаа. Дөрвөн жилийн дараа Төрийн ордонд орж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гурван чухал асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Ж.Батзандан хоёр зүйл ангиар шалгуулаад хэрэгсэхгүй болоод, цагаатгагдаад, улстөрд эргэн ирж байна гэдэг мэдээллийг өгсөн. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль дөхөж байна. Эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрт ард түмнээрээ дүгнэлт өгье гэдэг санаачилга гаргаж байгаа. Дүгнэлт өгөхдөө Сүхбаатарын талбай дээр бүгдээрээ цуглаад, санал асуулга явуулаад МАН-ын мөрийн хөтөлбөр хэдэн хувь биелсэн юм бэ? гэдэг дүнг тавья. Гуравдугаарт, ардчиллын төлөө намууд хамтраад ардчиллаа аварья, ардчиллын төлөө нэгдсэн блок, фронт байгуулья гэдэг санал гаргаж байна.

 

Сонгууль болгоноор ардчиллын төлөө намууд санал хувааж ялагддаг. МАН 20-30 хувийн санал аваад ялдаг муу зуршил тогтчихлоо.

 

Барууны намууд, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын чиг баримжаатай намууд эвсэж чаддаггүй юм гэхэд блок байгуулж УИХ-ын сонгуульд орьё гэдэг саналыг албан ёсоор дэвшүүлсэн. Сүүлийн 2 жил ямар зүйл ангиар шалгав гэдэг асуулт асуулаа. Албан тушаалын байдлаа урвуулан болон хэтрүүлэн ашигласан, нөлөөлсөн гэх мэт зүйл ангиудаар сүүлийн 2 жил АТГ-аас шалгаад ямар ч үндэслэлгүй, улс нийгэмд, ард түмэнд Ж.Батзандан ямар ч хохирол учруулаагүй юм байна гэдэг дүгнэлтээ гаргаад, 2 сарын өмнө Нийслэлийн Прокурор руу хүргүүлснийг прокурорын байгууллага хүлээж аваад, иргэн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож дуусгасан. Нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Ж.Батзандан шалгуулаад гараад ирлээ. Улстөрд байгаа бол нар над шиг 3 сар суугаад шалгуулчихад гэмгүй шүү гэдэг зөвлөгөөг том дарга нарт өгмөөр байна.

 

Ардчиллын төлөөх намуудын блок байгуулна гэсэн. Сонгуулийн хуулиар эвсэл байгуулах хугацаа дуусгавар болсон. Ямар төрлийн блок байгуулах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

Блок гэдэг нь дэлхийн улс орнуудын улстөрд өргөнөөр хэрэглэгддэг технологи. Намууд эвсэж чадахгүй байгаа бол сонгуульд бие биенээ дэмжих, хамтран ажиллах блок байгуулж ордог. Нэгдүгээрт, “Пи ар”-ын блок байж болдог. Сурталчилгаагаа хамт хийдэг. Бодлогоо нэгтгэдэг. Бие биерүүгээ дайрахгүй, доромжлохгүй байх, сөрөг хүчний ажлаа хамтран хийж, эрх баригч намын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийх хамтарсан хэвлэл мэдээллийн блок байж болно. Хоёрдугаарт, нэр дэвшихдээ өөрсдийн нэр дэвшигчдийнхээ саналыг хуваахгүйн тулд тодорхой нэр дэвшигч дээр фокуслаж дэмжээд явдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн тойрог дээр хамтын ажиллагааны блок үүсгэдэг. Сонгуульд ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчийг дэмжээд, нэрээ татах хүртэл блокын хамтын ажиллагааны хэлбэр байдаг. АН-ын дарга Л.Гантөмөр, ШИНЭ намын дарга Ц.Гантулга, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, ХҮН намын ЕНБДарга П.Ганзориг нартай уулзаж энэ саналыг тавьсан. Ардчиллын төлөө намууд санал хуваахгүйн тулд, МАН-ыг амралтанд нь явуулахын тулд, амраахын тулд блок байгуулж хүчээ нэгтгээчээ, өмнөх алдаагаа давтахгүйн тулд ажиллаач гэдэг саналыг албан ёсоор хүргүүлсэн байгаа. Удахгүй хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, блокын зохион байгуулалт руу намууд орох байх. Ардчиллаа ялуулья. Хүний эрх, эрх чөлөөний төлөө хамтран ажиллахаас өөр зам бидэнд үлдээгүй байх гэж найдаж байна. Миний хувьд Австрали, Англи болон Европын улсуудад судалгаа хийсэн судлаач, эрдэмтэн хүний хувьд блокын зохион байгууллатын талаар, хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ? гэдэг зөвлөгөөг улстөрийн намуудад өгөх бүрэн боломжтой.

 

“Тэмцэгч” Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч “Бүх ард түмний хуралдай” зохион байгуулна гэж ярьсан. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө та хоёр ширүүн муудалцсан шүү дээ. Учраа олсон уу? “Бүх ард түмний хуралдай”-гаар юуны талаар хэлэлцэх вэ? Ямар шийдвэр гаргах вэ?

 

Эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгөх зорилгоор нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг хүмүүстэй сүүлийн үед уулзаж байгаа. Тэдний нэг нь тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэ гэж залуу бий. “Сууж” байгаад саяхан гарч ирсэн. Надтай хамт олон тэмцэгч залуус хоригдож байсан. Д.Банзрагч хоригдсон. Тулгат хоригдсон. Д.Мөнх-Эрдэнэ хоригдсон. Өнөрөө, Ц.Хулан хоригдсон. Зарим нь цагаадаад гараад ирсэн. Тэр хүмүүст хандаж үг хэлснийхээ төлөө шоронд хоригддог, шонд өлгүүлдэг нийгмийг өөрчлөхийн төлөө дахин нэгдэж тэмцье гэж уриалж байна. Хамтдаа үзэл бодлоо илэрхийлье. Нэг нэгээрээ явбал шоронд ордог юм байна. Одоо бүгдээрээ нэгдэж, нийлж явья. Ийм саналыг хүргүүлсэн. Д.Мөнх-Эрдэнэ маань МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгөх бүх ард түмний хуралдай зохион байгуулах талаар ярилцсан. Урин дулаан цаг ирж байна. Бүх ард түмнээрээ Сүхбаатарын талбай дээр гараад МАН-ын мөрийн хөтөлбөрийн зүйл, заалт бүрээр санал асуулга явуулья. Татвар бууруулна гэсэн. Хэрэгжсэн үү? Зээлийн хүүг бууруулна, цалинг нэмнэ гэсэн. Инфляцийг бууруулна гэсэн. Хэрэгжсэн үү? МАН-ын мөрийн хөтөлбөрийн зүйл, заалт бүр дээр үнэлэлт, дүгнэлт өгөх ард түмний их хуралдайг ойрын хугацаанд зохион байгуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Улстөрийн намууд, төрийн бус байгууллагууд болон нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг иргэдтэй энэ талаар санал солилцож байна. Удахгүй ажил болох байх.