УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тухай танилцууллаа.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Парламентын гишүүдийн тоо 126 болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Хуулийн төсөл бэлэн болсон тул бүлгийн хурлаар хэлэлцэж зарим зарчмын асуудлыг тохирлоо. УИХ-ын болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж байна" гэв.

Хуулиудад орж байгаа өөрчлөлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. 95% ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл УИХ-д олонх болно.

Сонгуулийн дараа УИХ үйл ажиллагаагаа эхлэхдээ дэгийн тухай хуулийг хэлэлцэх эрх нь нээлттэй.

Найман Байнгын хороо 19 гишүүнтэйг 25 болгоно. Байнгын хорооны хуралд 13 хүн орж, асуудлаа шийднэ. Нэг гишүүн хоёроос илүү Байнгын хороонд ажиллахгүй. 200 орчим хүн ажиллана.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд яаманд харьяалагддаг Байнгын хороонд орж, ажиллахгүй. Нэг байнгын хороонд Засгийн газрын хоёроос илүү хүн оруулахгүй. Ингэснээр Засгийн газраас хамаарахгүй болно.

УИХ-ын гишүүдийн 32-аас дээш хүн санал гаргавал хянан шалгах Түр хороо байгуулна. Хуулийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө АН, ХҮН намд төслөө танилцуулж, санал солилцоно.

Нэг дор 3-4 хянан шалгах Түр хороо ажиллах зохицуулалтыг санал болгоно. Уг хороо нь олны анхаарлыг татсан асуудлыг хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байна гэж үзвэл шүүхэд очихоос өмнөх шатанд гишүүдийн саналаар шалгаад явах боломжтойгоор ажиллахаар болгох гэж байна. Гэхдээ хуулийн байгууллагад нөлөөлөхгүй.

12 болон түүнээс дээш гишүүн сонгогдсон бол нам, эвслийн бүлгийг байгуулна. Одоогийн хуулиар найман гишүүнтэй байж бүлэг байгуулдаг.

УИХ 126 гишүүнтэй болох тул хурлаа хэрхэн зөв явуулах талаар судалсан. Аливаа хуулийг хэлэлцэх ерөнхий хугацааг тогтоож, уг хугацааг бүлгүүдэд УИХ-д авсан суудлын тоогоор хуваарилж, үлдсэн цагт нь бүлэг зохион байгуулах хэмжээнд хүрээгүй, бие даасан гишүүдэд үг хэлэх хугацааг тогтдог зарчмыг ярьж байна.

УИХ-ын дарга, гишүүний бүрэн эрхэд өөрчлөлт орохгүй. УИХ-ын даргын дэргэдэх даргын зөвлөл байна. Уг зөвлөл УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох эрхтэй.

Одоо мөрдөгдөж буй хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг хольсон байдаг. Прокуророос УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулдаг.

ОУПХ-ноос УИХ-ын гишүүнийн бүрэн эрх сонгогчдоос олгосон мандат. Тухайн гишүүн хэнээс ч айлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлэх нь гол механизм гэж үздэг. 

Манай улсад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэхэд халдашгүй байдалд нь халддаг. Халдашгүй байдалд баривчлах, нэгжлэг хийх, байцаах, шалгах зэрэг ордог.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг хоёр тусдаа байхаар хуульд оруулна.

Дэгийн тухай хуульд гишүүдийн үг хэлэх хугацааг ярьсан. Үг хэлэх, асуух зүйлээ зохицуулж, цагаа хуваарилахаар ярилцлаа" хэмээн ярилаа.

"Тухайн УИХ-ын гишүүн хэрэгт холбогдлоо гэхэд байцааж, шалгах явцад саад тотгор болсон бол орон гэр, ажлын байранд нэгжлэг хийж, шалгаж болно. Харин шүүх дээр очоод гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Эцсийн хэлэлцүүлгээр тодорхой болно. Халдашгүй байдлыг авсан, бүрэн эрхтэйгээ байгаа гишүүн хуралдаа суусан ч юмгүй, шүүхээр шийтгэл хүлээгээд байгааг зохицуулах юм" хэмээн тайлбарлав.