Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганцхан станц бий. Уг станц нь Хархорин захын баруун талд байдаг бөгөөд социализмын үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгчээ.

Насос станцгүйн улмаас аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болсон байна.

Тухайлбал Урт цагааны бүтээн байгуулалтын ажилтай холбоотой геологи хөрсний шинжилгээ хийхэд 1.5 метр газар ухахад хөрсний ус гарч байна гэсэн хариу гарчээ. Хөрсний усыг зайлуулах шаардлага тулгарахад Урт цагаан орчимд ус зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээгүй байна.

Тиймээс Улаанбаатар хотод нэмж хөрсний ус зайлуулах насос станц байгуулж, Туул, Сэлбэ, Дунд гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш цутгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг хотын дарга хэлжээ.

Түүнчлэн Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, Дэлхийн банкны санхүүжилтээр ус зайлуулах системийг цогцоор нь шийдэх аж.