"Үнэн ба Зөв" намаас 2024 оны УИХ-ын сонгуулийн хууль бус санхүүжилттэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар өгч буй талаараа мэдээллээ. 

Энэ тухай "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар АТГ-ын үүдэнд дараах мэдээллийг хийж, шаардлага хүргүүлэв. 



"Том ордуудыг эзэмшигч нар сонгуулийн энэ үед нам, улс төрд асар их санхүүжилт өгч байна"

Тэрбээр "УИХ-ын сонгуультай холбоотой хууль бус санхүүжилтийн асуудлаар АТГ-т хандаж байна. 

Уул уурхай дагасан томоохон бүлэглэлүүд буюу Цагаан суваргын ордыг эзэмшиж байгаа Н.Номтойбаярын гэр бүл, Эрдэнэтийн 49, Хөтөлийн цемент, Нарийн сухайтын ордыг эзэмшигчид сонгуулийн энэ үед нам, улс төрд асар их санхүүжилт өгч байна.

Санхүүжилт өгснийхөө хариуд тэд эргээд Монголын ард түмэнд ашиггүй, эсрэгээрээ өөрсдөдөө ашигтай хууль дүрмийг батлуулж, гаргаж байгаа асуудлыг хөндөнө. 

  • Улс төрийн намын тухай хуулийн 33 дугаар зүйл
  • Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд "Улс төрийн нам хэрхэн хандив авах" тухай маш тодорхой тусгаж өгсөн. 

Жишээлбэл Улс төрийн намын тухай хуулийн 54 дүгээр зүйлд улс төрийн нам нэг иргэнээс 10 сая төгрөг, аж ахуйн нэгжээс 30 сая төгрөгийн хандив авна гэж заасан байгаа.

Дээрх хуулиар улс төрийн нам нэг иргэнээс жилдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-оос хэтрүүлэхгүй, ААН-ээс 60 дахин хэтрүүлэхгүйгээр хандив авна гэж тусгасан. Гэтэл сүүлийн үед улс орноос хулгай хийсэн, ард түмний боломжийг дээрэмдсэн, өмч хөрөнгийг хулгайлсан, уул уурхайн баялгаас хулгай хийсэн хүмүүс бүс болгонд томоохон уулзалтуудыг зохион байгуулж байна.

Хаанаас ямар санхүүжилт орж ирж байгаа нь ард түмэнд нээлттэй бус. Тиймээс Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Цагаан суварга, Нарийн сухайт, Тавантолгой, Оюутолгой зэрэг орд баялгийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудад АТГ-аас санхүүгийн шалгалт хий.

Хэрвээ санхүүгийн шалгалт хийхгүй бол эдгээр ордын цаана байгаа бүлэглэл буюу Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Б.Нямтайширын гэр бүл энэ удаагийн сонгуулийн үед хулгайлсан мөнгөө цацаж, ард түмний тархи толгойг угаах зарчмаар хууль бус санхүүжилт хийж байна.

Энэ нь эргээд төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болж хувирч байгаа юм. Тиймээс эдгээр нэр бүхий хүнийг албан бичигт дурдаад АТГ-т өгч байна.

Түүнчлэн хууль хүчний байгууллагад ажиллаж байгаа нэр бүхий шүүгчдэд эд хөрөнгийн шалгалт хийхийг АТГ-аас шаардаж байгаа юм" гэлээ. 

"Улаанбаатараас ярьж байна гэх нэвтрүүлгийн мөрөөр АТГ Ерөнхий сайдаасаа байцаалт ав"

Үргэлжлүүлэн "Та бүхэн санаж байгаа бол сонгууль дөхөөд ирэхээр авлигын мөнгө сонгуулийн санхүүжилт болж гарч ирдэг. Үүний дараа нам нь ялаад ирэхээр шоронгийн зүг явсан хүмүүс ордны зүг гэтэж эхэлдэг. 

Миний санаж байгаагаар 2016 оны өмнө Санжийн Баяр тэргүүтэй хүмүүс шоронгийн зүг гэлдэрч байсан. Монгол Ардын Нам ялсан тэр өдрөөс ордны зүг гэтэж яваа.

Саяхан Ерөнхий сайдын оролцсон “Улаанбаатараас ярьж байна” гэх нэвтрүүлэг гарсан. Яг энэ мөрөөр нь АТГ-аас Ерөнхий сайдаасаа байцаалт аваад үнэн, худлыг нь шалгаж, тэнд дурдагдсан бүх хүнээс мэдүүлэг авах хэрэгтэй гэж үзэж байна.

Жирийн иргэд ярьсныхаа төлөө хууль хүчний байгууллагад дуудагддаг. Харин эрх мэдэлтнүүд дур зоргоороо ярьсан ч хууль хүчнийхэнд дуудагддаггүй жишиг тогтож болохгүй.

Гол агуулгаа та бүхэнд дахин хэлье. Сонгууль дөхсөн энэ үед л сонгуулийн хууль бус санхүүжилтүүдийг уул уурхай дамнасан бүлэглэлүүд улс төрийн намууд, эвсэл холбоодод өгдөг. Энэ мөнгөөрөө ард иргэдийг худалдаж аваад хууль бусаар төрийн эрхэд гардаг.

Их мөнгөтэй улсууд одоо троллын баг хөлсөлж ажиллуулж байгаа.

МАН, АН, Үндэсний эвсэл, Хүн намыг 30 гэр бүл гэж яригддаг хүмүүс тэжээж, санхүүжүүлж байна. Тиймээс АТГ-аар шалгуулна" гэдгийг "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар хэллээ. 

Энэ үеэр нэг иргэн “Уучлаарай, АТГ өөрийн тань шаардлагыг хэзээ ч шалгахгүй, авлигачдаа хамгаалдаг юм.

Шүүгч нар баримтыг нь үзье гэж авч байгаад бүгдийг нь устгачихдаг” гэв.