ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, Цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Эдийн засагтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Сэргэлэн нар өчигдөр П.Цагаан нарын хувь эзэмшдэг “Ачит ихт” компанитай холбоотой хэргийг шалгаж буй талаар мэдээлэл хийв.

Цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр, “Эрдэнэт” ТӨҮГ нь “Ачит ихт” компанитай балансын бус хүдэр ашигласны төлбөрт тус компанийн 34 хувийг эзэмших гэрээг анх 2013 оны 7-р сарын 17-нд байгуулжээ. 2015 оны зургаадугаар сард уг гэрээнд өөрчлөлт орж, Эрдэнэт үйлдвэрийн 34 хувийг “Ачит ихт” компани 100 хувь эзэмших болсон байна.
 “Ачит Ихт” компани нь 2009 онд байгуулагдсан. Тус ААН-ийг шалгахад “Степпе коупер”, “Цагалбар” гэж хоёр компани бий. “Степпе коупер” нь 2010 онд байгуулагдсан, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Хувьцааны:

  • 24.5 хувийг Монгол Улсын иргэн Д.Эрдэнэцэцэг
  • 25.5 хувийг түүний нөхөр П.Цагаан
  • Бусад 24.5 хувь, 25.5 хувийг тэдний хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Намуундарь нар эзэмшдэг.

“Ачит ихт” компанийн 22 хувийг Цагалбар компани эзэмшдэг. “Цагалбар” нь 2016 онд байгуулагдсан, гүйцэтгэх захирлаар Өлзийжаргал гэж хүн ажилладаг. “Цагалбар”-ын эзэмшлийг шалгахад 100 хувь Д.Эрдэнэцэцэг гэж хүн эзэмшдэг болох нь улсын бүртгэлийн мэдээллээс харагдана.

“Цагалбар”-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг Өлзийжаргал нь “Степпе коупер” компанийн ерөнхий нягтлангаар давхар ажилладаг. Ерөнхий зураглалыг харахад “Ачит ихт” компанийг 100 хувь П.Цагаан болон түүний гэр бүлийн гишүүд эзэмшдэг. Энэ гурван компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрийг Opendata.mn рүү  ороод харж болно.

“Ачит ихт”-ийн 22 хувийг эзэмшдэг ”Цагалбар” гэж ямар компани вэ?
“Цагалбар” компани 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан ч “Ачит ихт”-ийн 22 хувийн ногдол ашиг авахаас өөр ямар нэг үйл ажиллагаа байгуулагдсанаас хойш  явуулаагүй. “Цагалбар” компанийн дансанд 13.6 сая доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. 2014-2021 онд “Ачит ихт” компани нийт 53370 тонн зэс буюу тухайн үеийн үнэлгээгээр 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапур улсад бүртгэлтэй “Нобле ресурс” гэж компанид худалдан борлуулсан.

2018-2023 онд 41527 тонн зэсийг тухайн үеийн ханшаар 960 орчим тэрбум төгрөгөөр Сингапурт бүртгэлтэй “Фортуна Ай трейд PTL” компанид худалдан борлуулсан. Худалдахдаа 2018-2023 онд нууц гэрээгээр нийт 41527 тонн зэс экспортлохдоо 1 тонн зэс тутамд 330-350 мянган долларын хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулан, нийт үнийн дүнд тус компанид  14.5 сая долларын хөнгөлөлт үзүүлсэн нь тогтоогдсон.

“Фортуна Ай трейд PTL” компанийн бүртгэлийг шалгахад Даяндоржийн Жаргалсайхан гэж гүйцэтгэх захирал, Даяндоржийн Эрдэнэцэцэг гэж хувьцаа эзэмшигчтэй. Д.Эрдэнэцэцэг нь П.Цагааны эхнэр. Өөрөөр хэлбэл “Ачит ихт”, “Фортуна Ай трейд PTL”,  компани нэг эзэнтэй гэсэн үг. Хэрэгт авагдсан материалуудаас харахад нэг эзэнтэй хоёр компани хоорондоо гэрээ байгуулж, 14.5 сая долларын хөнгөлөлт эдэлсэн байх нөхцөл байдал тогтоогдон шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон баримт, мэдээллийг тодруулахад, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч Д.Цагаан нарын хоорондоо харилцсан чатыг баримт болгон авсан.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2019 оны 9-р сарын 10-нд долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан байна. Ц.Элбэгдорж дээрх гэрээг байгуулахдаа “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн. Мөн мэдээллийг баталгаажуулж, тухайн өдрөө гарын үсэг зурсан. Цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа Ачит ихт-ийн хувьцаа эзэмшигч гэж гэрээ байгуулсан байна.

Цагдаагийн хошууч Сэргэлэн,  ЭЦА-наас 2024 оны 4-р сарын 12-ны өдөр “Ачит ихт” компани болон түүний хамаарал бүхий ААН-үүд, орон байранд нэгжлэг, шалгалт явуулсан. Бусад мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх мессэжийг илрүүлсэн.

Хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай иргэд гадаад улсад амьдарч байгаа тохиолдолд Монгол Улсын Олон улсын нэгдэн орсон гэрээ конвенцын дагуу эрх зүйн туслалцаа авч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулна гэв.

Цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, “Эрдэнэт” үйлдвэрийн овоолготой холбоотой асуудалд бусад ААН нэгж байгаа. Гэхдээ бид зөвхөн “Ачит ихт” компанитай холбоотой хэргийг шалгах, нотлох баримт материалыг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж байна. “Ачит ихт” компанийг шалгаад удаагүй байна.  Хэрэгт холбогдуулан “Ачит ихт”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн Н-ийг яллагдагчаар татсан. Бусад хүмүүсийг яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн үү?
-Санал хүргүүлсэн. Ачит ихт компани Сингапурт бүртгэлтэй хоёр компанитай гэрээ байгуулж, 2014-2013 оны хооронд нийт 94897 мянган тонн катодын зэс борлуулж, тухайн үеийн ханшаар 1.6 их наядд төгрөгөөр худалдан борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэргийг үргэлжлүүлэн  шалгах явцад ямар нөхцөл байдал шинээр үүсэхийг мэдэхгүй гэв.