Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадам ид дундаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Хэнтий, Ховд, Говьсүмбэр гэсэн таван аймаг шинэ цолтон, тод магнайгаа тодруулаад байна.

Түүнчлэн энэ жил тэгш ойн баяр тохиож буй 170 сумаас бусад нь үндэсний баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Гэвч Монгол Улсын нийт сумын 40 гаруй хувь нь тэгш ойн баяр тэмдэглэх, Төв цэнгэлдэх хүрээлэнд хагас зуун жилийн дараа бүтээн байгуулалт хийсэн зэргээс гадна өнөө жилийн наадам хэд хэдэн онцлогтой болж буй. Тухайлбал, энэ жилээс аймгийн удирдлагууд баяр наадмаа орон нутгийн хамгаалалтад авч, хаалттай хийх шийдвэр гаргаад байна. Тун саяхан Сүхбаатар аймгийн ИТХ-аас аймгийн баяр наадамдаа өөр аймгийн бөх барилдуулахгүй байх шийдвэрийг соёрхон баталжээ. Учир нь, тус аймгийн наадамд одоогоос гурван жилийн өмнө Увс болон Говь- Алтай аймгаас улсын цолтой бөхчүүд найраагаар цол авч өгөх гэж дүүгээ дагуулж очсон боловч санал зөрөлдөн нударга зөрүүлж байсан удаа бий. Тиймээс гаргасан шийдвэрээ тэд найраанаас сэргийлэх шилдэг арга хэмээн тайлбарлаж буй. Т эдний гаргасан энэ сайхан саналыг Дундговь, Дорноговь зэрэг аймаг хуулбарлан ашиглах бололтой. Харин Сүхбаатар аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрт хонзон санахдаа Хэнтий, Дорнод аймгийнхан Сүхбаатарын бөхчүүдийг барилдуулахгүй болсон гэнэ. Байдал энэ янзаараа байвал дараа жилээс Ардын хувьсгалын их баяр наадам аймгийн удирдлагын өмч болж, орон нутгийн Засаг дарга нар начин төрүүлж, авлига авдаг хэргээр АТГ-т дуудагдаж ч магадгүй байдал үүсч мэдэхээр байна. Цаашлаад аймгийн Засаг даргын сонгуулийн ажилд хануй шамлан дайрч, намын их үйлсэд тус дэм болсон бөхчүүд хялбархан цолонд хүрдэг байдал ч бий болж мэдэх юм. Учир нь, улсын цолтой бөхчүүдийг найрч, тэдэнд авлига өгч шинэ цолонд хүрэх мөрөөдөлтэй байсан бөхчүүд үүнээс хойш орон нутгийн удирдлагадаа тал засах шаардлагатай болж байна. Тэгээд ч аймгийн удирдлагуудад наадам зохион байгуулах эрх байгаа тул тэднийг яаж ч хөдөлгөж болно. Дургүйг нь хүргэвэл аймгийн наадмаа улсын баяраас хойш тэмдэглэж, бөхийн барилдаанаа нээлттэй явуулна хэмээн дарамталж ч болно. Харин арганд нь ороод хэн хэндээ ашигтай байвал уугуул нутгийн улсын цолтон, аймгийнхаа буурал арслангуудыг аймгийн удирдлагын төвшинд хүлээн авч, “Сайн дүүг минь цолонд хүргэ” хэмээн зарлиг буулгаж, албан тушаал амлаж ч болох нь. Энэ цагт орон нутгийн бөхийн дэвжээний тэргүүний суудалд өрсөлдөх хүсэлтэн эрс нэмэгдэх нь гарцаагүй. Аймгийн нэг цолтой бөхийн ард 10 сонгогч байх нь бүр ч ойлгомжтой.

Тиймээс УИХ-ын гишүүд суудлаа хадгалах хийгээд тэднийг унагаж, суудалд нь суух гэсэн хоёр бүлгийн дунд алдар цолтой бөхчүүд улам баяжих сайхан боломж нэгэнт бүрдлээ. Тэгэхээр хойшид аль нам Засгийн болоод орон нутгийн эрх барьж буйгаас шалтгаалж, бөхчүүдийн цолонд хүрэх эсэхийг шийдэх нь дамжиггүй. Өнөөгийн улс төрийн араншинг харвал энэ жилийн хувьд хаалттай наадмуудаас МАН-ын гишүүн буюу ийм аав, ээжтэй бөхчүүд цол нэмэх нь бага байх нигууртай байгаа. Гэвч энэ бол шар зурхайн таамаглал биш л дээ. Ердөө л намаар ялгаж албан тушаал, эрх мэдэл, гавьяа шагнал олгодог болсон “Шинэ” Засгийн газрын цоо шинэ тогтолцоо билээ. Тиймээс цол горилж буй бөхчүүд дараа жилийн наадмын галд гарахаас өмнө намын батлах гардах ёстой гэдгээ мартаж болохгүй нь. Гэвч Монгол орон цэвэр усны нөөцөө аажмаар барж байгаа шиг бид цэвэр, шударга наадмаас жил бүр л хөндийрсөөр байна. Үнэндээ аймгийн баяр наадмын зүлэг ногоон дэвжээ сүүлийн жилүүдэд “Нарантуул-3” болон хувирсан тухай бөх сонирхдог хүн бүр мэднэ. Ахмад бөхчүүд нь ард түмнээ цэнгүүлэх гэж биш ашиг олох гэж бөхийн галыг чиглэдэг байдал олон жил шүүмжлэл дагуулсаар байгаа. Тэр ч бүү хэл өнөө цагт улсын баяр наадмын их шөвөгт таавар дэвшүүлдэг арслан, гарьд, заанууд ч аймгийн баяр наадмаар шинэ цолтон төрүүлж, дээлийнхээ өнгийг олж авдаг нь гарцаагүй үнэн билээ. Цөөхөн жишээ дурдахад 2012 онд Дундговь аймгийн баяр наадмын улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, харцага Л.Пүрэвжав зэрэг шилдэг хүчтэн будилуулж, сумын заанаар хүртэл ам авахуулж, жүдогийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчааг найраагаар начин болгож, дуулиан тарьж байв. Мөн улсын заан Д.Бумбаяр өдгөө улсын начин цолтой барилдаж буй Т.Баасанхүүг аймгийн наадамд түрүүлүүлэх гэж нэлээд хүч хөдөлмөр зарцуулж, тэр хэрээр олон наадам будилуулсан гэдэг юм.

Тус наадмын энэ найраа хүн бүрт илэрхий байсан тул тухайн өдөр төрсөн шинэ цолтны үнэмлэх тэмдгийг хүртэл буцааж авсан удаатай. Цөөн үгээр хэлбэл, тухайн жилийн аймгийн баяр наадам шуналаа дийлэхээ байсан цөөн хэдэн том цолтноос болж хүчингүй болсон түүхтэй. Тэгвэл мөн тэр жил Булган аймгийн баяр наадамд Өвөрхангай аймгийн арслан Ц.Чимэддорж начин байхдаа очиход “Гадны бөх оруулахгүй” гээд бүртгээгүй тул баярын талбайд япон бөхийн их аварга Д.Дагвадорж агсам тавьж, гарын дааг бүртгэлийн ширээтэй нь хамт дээш нь харуулж байсан билээ. Их аваргын хувьд тухайн жил “АСА” группын бөх хэмээн зарлуулан барилддаг байсан нутгийн дүүгээ аймгийн дээд цолонд хүргэхээр зорьж очсон нь энэ байв. Энэ мэт жалга довны үзлээр шахсан хийгээд цол, шунал хоёроо давуу тал болгон найраа хийдэг жишээг хангалттай дурсч болно.

Тэр ч бүү хэл монгол түмний наадмыг сүмочид будилуулдаг байдал сүүлийн үед бий болоод байгаа. Мэргэжлийн сүмод барилдаж байгаад “хөөгдөж” ирсэн Б.Ганболд гэх залуу анх удаа наадмын дэвжээнд гараад л аймгийн баярт торолгүй түрүүлж, арслан цол авч байв. Мөн “Аса” аварга нутгийнхаа залууг дагуулан аймгийн наадам хэсч, УИХ-ын гишүүн асан Кёкшюүзан Д.Батбаяр боломж олдвол Хас банкны “Амар” үйлчилгээний тусламжтайгаар аймгийн наадамд зодоглох санаатай Ховд аймгийн бөхийн галаар үе үехэн зочилдог байжээ.
 

Эх сурвалж: Монголын үнэн сонин