Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр өчигдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ манай сэтгүүлчийн "Дугархүү гэдэг хүн NMN нэртэй бүтээгдэхүүнийг бүртгүүлсний дараа өөрийн цахим хуудсаар сурталчилгаа хийхдээ бараг бүх төрлийн өвчнийг эдгээнэ, өөр эм уух шаардлагагүй, зөвхөн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэ гэж уриалсан байсан. Энэ нь хууль бус сурталчилгаа биш гэж үү? гэсэн асуултад

 

"Хууль бус сурталчилгаа" гэж хариулав.

 

Мөн "Тэр хүн бүтэн жил гаруй хугацаанд цахим орчинд ийм агуулгатай сурталчилгаа хийж байхад танай байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж арга хэмжээ авсан уу?" гэсэн асуултад

 

"Энэ асуудалд ер нь холбогдох бүх зүйл хянагдаж байгаа гэж ойлгож байна. Дугархүү эмчийг өөрийг нь ч бид дуудаж уулзсан. Түүнд “Таны хийж буй сурталчилгаа буруу байна, иргэдийг төөрөгдүүлж байна, энэ нь хууль зөрчиж байна” гэж тайлбарлаж, хууль таниулах ажлыг хийсэн. Гэхдээ энэ бол зөвхөн Дугархүүгийн асуудал биш. Өнөөдрийн явдалтай андуурч ойлгох хэрэггүй. Түрүүн та бүхэн харсан байх нийт 368 фэйсбүүк хуудас ийм төрлийн зөрчил гаргасан байгаа. Бид эдгээрийг бүгдийг нь дуудаж, хууль таниулах ажлыг хийдэг. Энэ нэг өдөр гарсан асуудалтай адил зүйл биш.

 

Тус бүтээгдэхүүн нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад орж ирсэн гэдэг мэдээлэлтэй холбоотойгоор бид харьяаллын дагуу Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн.

 

Одоогоор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Иймд шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Агентлагийн зүгээс хийх ёстой ажлаа гүйцэтгээд, холбогдох байгууллагад шилжүүлсэн. Хэрэв шүүхийн шийдвэр гарсны дараа бол бид “ийм арга хэмжээ авсан” гэж албан ёсоор мэдээлэл өгөх боломжтой." хэмээн хариулсан юм.