У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…?
48 минутын өмнө

Улс төрийн хурцадмал үйл явцад тэр бүр нэр хавчуулагддаггүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр сүүл үест энд тэндхийн хэрэлдээн уралцаан дундаас ойр ойр дурдагдах болж. Шулуухандаа Ерөнхийлөгчийн нэр цээрээс гараад эхэлж. Уг нь: Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнэ 3 жилийн өмнөөс У.Хүрэлсүх гэлгүйгээр дурдаж юм ярьдаг байж. Түүнийх нь утга бүрд: Парламентын дээр Ерөнхийлөгч байна гэдэг нь Монгол бол Ерөнхийлөгчийн засаглалтай гэсэн үг. Энэ өмнө нь далд хэлбэрээр байсан бол одоо ил цагаан болж байна гэх. Мөнхүү Парламентын засаглалтай аль ч улсад төрийн эрх барих дээд байгууллага парламент байдаг болохоос Ерөнхийлөгч биш. Парламентын 4 ханан дотор болж байгаа бүх зүйлийг зөвхөн парламент өөрөө эзэн ёсоор мэдэх ёстой. Хаан ч, Ерөнхийлөгч ч, аливаа шүүх ч парламент өөрийн дотоод үйл ажиллагаа, санал хураалт, ирц бүрдүүлэх, түүний дотор гишүүдийнхээ ёс суртахуун, сахилга бат зэрэг дотоод асуудалд нь хүчээр оролцох ёсгүй. Бид нар Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг засаглалтай улс. Бид парламентын засаглалтай бол үүнийг нэг талд гаргах ёстой. Ерөнхийлөгчийг цаашдаа парламентаас сонгодог байх нь зөв. Энэ асуудлыг олон талаас нь парламент ярих нь зүйтэй.
Өөх ч биш, булчирхай биш байж байснаас аль нэг талд гаргах нь зүйтэй гэх мэт. Гэтэл саявхнаас Хотын дарга байсан Х.Нямбаатар 2 ч удаа хатуу чанга гөвшөөд авсан. Үргэлжлээд өнгөрөгч долоо хоногоос тодорхой гишүүд, хэвлэл-сошиал сүлжээнийхэн Ерөнхийлөгчийг нэрээр нь бус ч Ерөнхийлөгч гэж байгаад санаснаа хэлэх болж. Жишээ нь Ч.Лодойсамбуу. Тэрбээр засгийн сайд нарыг Ардаа Ерөнхийлөгчтэй болохоор томроод байдаг юм уу, та нар. Би 20 жил парламент сурвалжлахдаа ийм онгироо сайд нар үзээгүй шүү. Хэдэн сайд нар нь гарч ирээд далдганаад байх юм. ЗГХЭГ-ын даргын сандал дээрээс ямар том болж байна аа та, Б.Энхбаяр сайд аа. Засгийн сайд нар гарахаараа ард түмнээ загнаад, орж ирэхээрээ УИХ-ын гишүүдийг загнадаг боллоо гэж.
Дүгнэхэд 2017 оноос хойших 10 жилд дан хүндлэл, цээрээр шидүүлж ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр сүүлийн үед ийнхүү дархлаа нь алдагдаж дахин дахин шүүмж хүлээх болж.
Яагаад вэ?
Үүнийг ойлгоход хялбар гэх. Х.Нямбаатарын найман сар үлдсэн шүү гэх чих татсан үг нь үүнийг тайлна.
Яаж вэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхэнд 8 сарын хугацаа үлдсэн гэж хэлж. Жанцан нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль 8 сарын дараа товтой.
Гэтэл нь үүний хажуугаар У.Хүрэлсүх 8 сарын дараа Ерөнхийлөгчөөс буулаа гээд улс төрөөс явчихгүй. Тэрбээр МАН-ын дарга болж жинхэнэ улс төрөө эхлүүлнэ гэх яриа улстөрчид-хэвлэл гэх тодорхой эх сурвалжуудаас тарж.
Энэ дээр нэг нь гайхаш татах. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч байхаа болихоороо буюу Ерөнхийлөгчөөс буугаад МАН-ын дарга болж жинхэнэ улс төрөө эхлүүлнэ гэх мэдээ, мэссэж.
Уг нь У.Хүрэлсүх бол эдүгээ цагийн Монголын төрийн өндөр дээд эрэмбэд яваа улстөрч. Хэдийгээр Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага нь УИХ буюу Монгол Улс парламентын засаглалтай гэх авч Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн бөгөөд Ерөнхийлөгч болсон хүн Төрийг тэргүүлдэг хуультай. У.Хүрэлсүх эдүгээгийн хүчин төгөлдөр хуулиар Х.Нямбаатарын постолсноор найман сарын дараа буюу 27 оны 6 сард Ерөнхийлөгчөөс буух товтой. Гэтэл МАН эдүгээ даргатай. Дарга нь Н.Учрал. Тэрбээр МАН-ын дүрмийн дагуу Ерөнхий сайдаар ажиллаж буй.
Хэрвээ: Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах гэвэл Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийг барих хуультай. Хуулиар 1-д: Н.Учрал өөрөө Ерөнхий сайдаас огцрох тухай хүсэлтээ УИХ-д гаргах боломжтой. 2-т: Н.Учрал өөрийн санаачилгаар УИХ-д итгэл хүлээлгэх тухай асуудлыг тавих боломжтой. 3-т: УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй буюу дор хаяж 32 гишүүн Н.Учрал Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавих боломжтой. Өөр арга замгүй.
Хэрвээ МАН-ын даргаас нь чөлөөлөх, огцруулах харилцааг Улс төрийн намын тухай хууль болон МАН-ын Үндсэн дүрмээр зохицуулна. МАН-ын дүрмийн хариуцлагын заалтын дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон тохиолдолд Н.Учрал намын даргаас огцрох хүсэлтээ МАН-ын Их хуралд тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Н.Учрал өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжтой. Үүнээс өөр гарцгүй.
Эдүгээ Н.Учралыг Ерөнхий сайдын болон МАН-ын даргын албан тушаалаас буулгах тухай хэлэлцэгдэж шийдэгдсэн байтугай зэхэж бэлдсэн юм алга. АН Ерөнхий сайдыг огцруулна гэж жил тойрон ярьж буй ч энэнийхээ хэрэгжилтийг 2027 он гаргаж эхлүүлэхээр ярилцсан мэдээтэй. Бусдаар Н.Учрал Засгийн болоод намын ажлаа машид хэвийн хийж буй. Яахав, засгаа сэвтүүлж буй шахаад шүүс гарахаа больж, нийтийн шүүмжээс салахаа байсан 3-4 сайд буй. Тэд нарт хариуцлага тооцож, чөлөөлж бол магадгүй. Гээд тэр бол Ерөнхий сайд Н.Учралын бүрэн эрхийн л юм. Өөрөөр: Н.Учралын ажил, албан тушаалууд машид хэвийн байтал нь ийнхүү 2027 оны зургадугаар сард оронд нь У.Хүрэлсүх очих тухай ярих болж. Бодъё. Үйл явц энүүгээр өрнөж найман сарын дараа МАН-ын дарга өөрчлөгдлөө гэж. Энэ чухамхүү юунаас болсон гэж шалтаг тавих юм бол?
Асууж үзье, гэхнээ 2 шалтаг байж магадгүй нь.
1-д: Н.Учрал Ерөнхий сайд, МАН-ын даргаа өгөөд УИХ-ын даргаар буцаж очих мэдээ юм бол уу?
2-т: МАН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, түүнд нь Н.Учрал хариуцлага хүлээж огцрох мэссэж үү?
Нэн ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй…
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН







Зочин · 12 минутын өмнө
ХҮҮК ШИГ ХҮН ХЭРЭГТЭЙ БНА ДӨӨӨӨӨӨ
Зочин · 25 минутын өмнө
Юу сараачаад байгаа маанаг мал Бэй?