Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн тойргийг олон түвшний уулзвартай болгох ажил эхэлжээ. Уг уулзварын дахин төлөвлөлтийн хүрээнд одоо байгаа дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх, авто зам доогуур орсон ус хангамж, ариутгах татуургын шугамыг хүчитгэж хамгаалах, холбооны болон цахилгааны худаг сувагчлалыг хамгаалах, шилжүүлэх, шинээр байгуулах, авто замын борооны ус зайлуулах шугамыг шинээр барих зэрэг инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх юм байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх ажлыг эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дулааны худаг хоорондын сувагчлал, газар шороо, ухмал, худгийг төмөр бетоноор цутгаж ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Гэрээний дагуу уг тойргийг олон түвшний уулзвартай болгох ажлыг 2025 оны наймдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгожээ.