Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана
1 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл уг заалт хэрэгжихгүй байгаа нь бүлгийн хурлаар энэ асуудлыг хөндөх шалтгаан болсон гэв. Мөн энэ асуудалд ажлын хэсэг байгуулах болсныг хэллээ.

Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга Ж.Баярмаа “1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэж маш тодорхой заасан байдаг. Мөн төрөөс хэвлэл мэдээллийн редакцын бодлогод хяналт тавьж болохгүй гэж заасан. Гэтэл өнөөдөр энэ хуулийн агуулга бүдгэрсэн байна. Төрийн байгууллагууд бүгд дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай болсон. Үүнээс болж хэвлэл мэдээллийн салбар төрийн албыг магтан дуулагч, эрх баригчдын алдааг хаацайлагч болж хувирсан байхыг үгүйсгэхгүй.
Төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчхоод төрийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж, түүнд багтаагүй сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарлаж байна.
Бид хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгааг судалж, хянах үүрэгтэй. Ялангуяа сөрөг хүчин бол төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөвхөн төрд үйлчилж байна уу, хэвлэл мэдээллийн байгууллага гэрээ хийсэн төрийн байгууллагаа шүүмжлэхээс татгалзаж байна уу гэдгийг нь хянах хэрэгтэй. Тиймээс бид ажлын хэсэг байгуулаад, төрийн ямар байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана.
Нэмж хэлэхэд, бид сэтгүүлчдийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж боомилох гээгүй. Гагцхүү төр татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө магтан дуулуулж байгаа эсэхэд л хяналт тавих юм.
Бид сүүлийн үед яригдаад байгаа “шантааж зүй” гэх асуудлыг хөндөхгүй. Энэ бол тусдаа асуудал" гэв.






