Яармагаас ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ замыг Нэгдүгээр хороололтой холбох бүтээн байгуулалт энэ долоо хоногт эхэлнэ
5 цагийн өмнө
Наадамчдын гудамж буюу Яармагийн "Номин" дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай, Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүртэй 2.4 километр шинэ зам өнгөрсөн онд ашиглалтад орсон.
Уг замаас Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны урд байрлах "Барс-2" захын баруун тал хүртэл зам, гүүр тавьж холбох зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байдаг.
Энэхүү замын бүтээн байгуулалтын явцын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас лавлахад "Авто замын бүтээн байгуулалтын ажил эхлэх зөвшөөрлөө авсан. Одоо талбай дээр очиж суурь солих байршлуудаа тодорхойлно. Энэ долоо хоногт Наадамчдын гудамжны гүүрэн байгууламж бүхий авто замыг Нэгдүгээр хорооллын замтай холбох бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэлээ.
Нийслэлийн гол замын хучилтад энэ жил полимер битум ашиглаж байгаа бөгөөд энэхүү материал нь +50 хэмд уярдаггүй байна. Ингэснээр хүнд даацын машин явахад зам дээр дугуйн мөрний ховил гарах нь багасдаг олон улсын технологи болохыг тэрбээр онцоллоо.
Сануулахад Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох төсөл хоёр үе шаттай, нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг. Өнгөрсөн жил эхний шат буюу Яармагийн "Номин" дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ замын бүтээн байгуулалтыг "Тотал Инж" компани гүйцэтгэсэн юм.