Улс төрийн намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”
16 цагийн өмнө

2027 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Сонгуулийн бэлтгэл ажил улс төрийн намууд дотор улам эрчимжиж байна. Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан.
Тэгвэл парламентад суудалтай улс төрийн намууд энэ шалгуурт тэнцэх, олон нийтийн дунд рейтинг, нэр хүнд өндөртэй улстөрчдөө өрсөлдөөнд оруулна. Нам дотор Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид” ч эрчимжээд эхэлжээ.
АН-аас намын дарга асан, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, С.Баярцогт нарын нэр яригдаж байна. С.Баярцогтын хувьд нэлээд хугацаанд нам жим байсан ч саяхан болсон Оюу Толгойн гэрээний сонсголоор ил гарав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд телевиз сайтын ярилцлага болгонд нэлээд идэвхтэй “уягдаж” харагдана лээ. Ер нь тэдний үйл хөдлөлийг анзаарвал тун идэвхтэй байгаа нь харагдана.
Харин МАН-ын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч болохоор Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын нэр түлхүү яригдаж байна.
ХҮН намаас Шадар сайд Т.Доржханд, “Датаком” Д.Энхбат, “Дефакто” Д.Жаргалсайхан нарын хэн нэг нь нэр дэвшиж магадгүй байна. Түүнчлэн “Үндэсний эвсэл”-ээс МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, ИЗНН-ын тухайд УИХ-ын гишүүн Б.Батбаатар ч нэр дэвших боломжтой.
Ер нь Ерөнхийлөгчид горилогч улстөрчдийн дийлэнх нь сүүлийн үед сүрхий идэвхижжээ. Наанаа, одоогийн эрхэлж буй албан тушаалынхаа дагуу ажиллаад байгаа мэт боловч цаанаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байна.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин







Зочин · 12 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 16 цагийн өмнө
XALYYTSMR SEKSYGR VANXANDX BIEE UNELLED