Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцолборын барилгын ажилтай өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар танилцлаа.

Энэхүү спорт цогцолборын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд усан бассейны туршилт тохируулга, шалны халаалт угсрах ажлууд хийгдэж байна. Тус ажлын гүйцэтгэгчээр “Гэрэлтжин” ХХК ажиллаж байгаа юм.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг Чингэлтэй дүүргийн 23, 37, 39 дүгээр сургуулиудад барьж байна. Энэ хүрээнд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай НЕБ-ын 23 дугаар сургуулийн спорт цогцолборын ажилтай танилцлаа. Хүүхдүүд усанд сэлж сурч, эрүүл чийрэг болж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь бидний хувьд чухал ажил. Усан бассейн цэвэрлэгч төхөөрөмжүүдээ ч авчирсан байна. Спорт заал нь сагсан бөмбөгийн хоёр том талбайтай, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах боломжтой юм байна. Спорт заалны шал нь хүүхдийг доргилт, гэмтэж бэртэхээс хамгаалсан сүүлийн үеийн стандартынх байна. ЕБС-иудад байгаа хамгийн том спорт цогцолбор удахгүй ашиглалтад орно. Ажлыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь гүйцэтгэж байгаа барилгын компанийнханд талархал илэрхийлье. Ийм компаниудтай нийслэл хамтарч ажиллана. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ээр зарласан. Бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид, компаниудаа дэмжинэ” гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар Их дэлгүүрийн зүүн хойшоо байрлах павилионуудыг буулгаж, талбайг чөлөөлж, иргэдийг чөлөөтэй зорчих гудамж талбайг тохижуулсан талаар танилцууллаа.