Хүний орчноо, өөрийгөө танин мэдэх чадвар бүр мич байх үеэс нь эхтэй. Мич байх үедээ ч танин мэдэх чадвараар бусад хөхтөн амьтдаас давуутай байсны ачаар хүн дүрстэй мичнээс хүн төрхтэй бич болон хувьсчээ. Бичин шатандаа ихийг танин мэдэж чадсанаар бичин хүн болжээ. Бичин хүний нэгэн салаа (олон салаа байсан) шалгаран үлдсээр оюун ухаант хүн болтлоо өөрчлөгджээ.

 

Чухамхүү энэ шатнаас нь эхлээд л танин мэдэх олон арга, хандлага үүсэж өөр өөрийнхөөрөө хөгжсөний нэгэн том хэлбэр нь “бүгдийг, бүхнийг шашинжуулж тайлбарлах” арга юм. Энэ арга их удаан, тун өргөнөөр хэрэглэгдсээр иржээ. Эдүгээ бидний үед ч гэсэн энэ арга оршсоор л байна.

 

Гэхдээ оршин буй хүрээ нь байгалийн ер бусын үзэгдлүүд, их гамшиг, өвчин тахал, хүний амьдралын туршилтаар, практикаар нотлох боломжгүй үзэгдлүүд, ойлголтуудтай холбоотой оршин буй юм. Жишээ нь нар, сар хиртэхийг саяхан болтол хүмүүс шашинжуулсан тайлбараар нь л ойлгож байв. Нар, сар, дэлхий гурав бол хооронд нь шулуун шугамаар холбох аваас гурвалжны гурван өнцөг болдог. Энэ гурвалжин өөрчлөгдсөөр нэгэн цагт гурван өнцөг нь нэг шулуун дээр таардаг. Энэ үед л нар, сар хиртдэг. Алсад буй нарны наана сар орсноос болж дэлхий дээр байгаа хүнд нарны нэгээхэн хэсэг, бүр бүхлээрээ ч харагдахгүй болж саранд халхлагддаг. Энэ учрыг гол таван шашин аль аль нь таньж чадаагүй, бүр 4000 жилийн туршид! Шашны танихуй ийм л мохоо юм. Сар яахлаараа тэнхлэгээ тойрон эргэлддэггүй, яагаад зөвхөн ганцхан талаараа л дэлхийрүү харж, дэлхийг тойрон эргэдэг юм бэ? гэдгийг, сар яагаад хиртдэг юм бэ? гэдгийг ч аль ч шашин таньж чадаагүй. Тайлбарууд нь ч хөгийн, инээдэмтэй байсан билээ. Аянга, цахилгааны учрыг луу гэх амьтантай, мөн галын бурхантай холбож, луу галаар тургиж байгаа, галын бурхан хилэгнэж аянга буулгаж байгаа гэж үздэг байв. Өвлийн улиралд луу ичдэг, бүр гүн худганд, гүнзгий агуйд ичдэг гэж ч тайлбарладаг. Газар хөдлөх, галт уул дэлбэрэх, уул нурах, нуур ширгэх, загасаар бороо орох (доллараар бороо орсон тохиолдол ч байжээ) мэтийг ч бурхадтай холбож тайлбарласан нь буй.

 

Шинжлэх ухаан хөгжих хэрээр шашинжуулсан тайлбарууд няцаагдсаар, орхигдсоор иржээ. Тэг тэгсээр алсдаа бүгд хаягдах, мартагдах болно. Харин хойд нас, диваажин, там, хойд дүр, удаах төрөл, эрлэг номун хаан мэтийн хийсвэр ойлголтууд бас ч гэж нэлээд удаан наслах байх.

 

Тэдгээрийг туршилтаар, практикаар батлах, нотлох, бас үгүйсгэх аргагүй болохоор эдгээр хуурамчлал нь урд өмнөх инерци дээрээ тулгуурлан хэдэн ч зуун жил оршин байх боломжтой юм. Шинжлэх ухааны салбар нэг бүр танин мэдэх өөрийн гэсэн аргазүй, аргачлал, техник хэрэгсэлтэй байдаг. Таньсан, тогтоосон болгоноо ч дахин шалгаж, давтаж нотолдог. Өөрчлөгдсөн орчин, нөхцөлд өөр үр дүн гарч болохыг ч бас бодолцдог, тооцдог. Техник, технологийн дэвшил, бүр хувьсгал авч ирсэн нэг ч шашин байхгүй. Хүн төрөлхтөнд амин чухал хэрэгтэй бүх зүйлийг шинжлэх ухаан л бүтээсэн. Гэтэл маш олон хүн өнөөдөр ч гэсэн шашин, лам багш, засал ном гэсэн хэвээрээ л байгаа билээ.Шашин ба шинжлэх ухаан хоёрын завсарт байгаа дүр эсгэсэн бас нэгэн танихуй өнөөдөр Монголд оршин буй нь зурхай юм. Хэн хүний хувь заяа, амьдралын зам, насны хэмжээ, үхлийн шалтгаан, хойд төрөл мэтийг бүр тууш уртаар нь мэддэг, хэлдэг мэтээр хуурамчилж, өргөл барьц авч, нас барагсдын “алтан хайрцаг” нээж, аль зүгт хэрхэн оршуулваас зохихыг ч зааж байх болов. Ийм зүйлд бүрэн итгэж, хэлсэн бүхнийг нь ёсчилон гүйцэтгэж байдаг хүмүүс бол зөвхөн монголчууд л юм. Шашин, зурхай хоёрын хуурамчлал харилцан биесээ дэмжиж, түшиж, сүсэгтэн олныг мөлжсөөр, мунхруулсаар байна. Мэнгэ голлосон, суудал өнцөгдсөн, насны барцадтай, хийморь доройтсон, лусын хорлолд өртөх аюултай ч гэх шиг үнэн худлыг нь ялгах, тогтоох аргагүй түгшүүрийг хүмүүсийн сэтгэл санаанд төрүүлж, засал хийх нэрээр мөнгө, эд зүйл авч иргэдийг хохироосоор, мухар сүсгийг хөөрөгдсөөр, нэр нөлөө нь ч өргөжсөөр байгаа юм. Засал, үйлчилгээ, зан үйлийн нь үнэ, өртөг ч их өсчээ. Зурхайн танин мэдэх аргазүй, аргачлал, логик нь эргэлзээтэй, тойм төдий, нар сар ододын алсын нөлөө, тэдний байрлалын нөлөө, дэлхий дээрх улирал, сар, өдрийн нөлөө мэтийн солбицол, хам шинж мэтэд тулгуурлан анх зохиосон гэгддэг.

 

Гэхдээ энэ нь ихэд гоёчилсон, маш нарийн ухаан мэт болгож бусдыг төөрөгдүүлсэн тайлбар юм. Нар, сар, одод, дэлхийн хооронд элдэв хүчний хатуу шүтэлцээ байдаг нь үнэн. Тэр хүчнүүдийн үүсгэдэг элдэв орон, эгэл бөөмс, квант долгионы нөлөө гэж байх нь ч тодорхой.

 

Гэхдээ тэр бүхний нөлөө, үйлчлэл дор хүн нэг бүрийн амьдрал, хувь заяаг нэгэн утгатайгаар мэднэ, яг таг тодорхой болгоно гэдэг бол анх зурхай үүссэн цаг үед ч, бас яг одоо ч гэсэн боломжгүй зүйл, худал зүйл юм. Харин алсын алс ирээдүйд ингэх оролдлого нь магадлалын хувь хэмжээгээр, ойролцоо таамаглал, төлөгчлөлийн түвшинд яригдаж болох л байх л даа. Амьтай бүхний амьдрал, тэр дундаас байгаль ба нийгмийн хам шинжийн, хосолсон нөлөөний бүтээгдэхүүн болох оюун ухаант хүний хувь заяа, зам мөрийг урьдчилан хэлэх, нэгэн утгатайгаар зураглан үзүүлэх боломж мэдээжээр үгүй юм. “Хэтэрхий мэргэн жараахай” гэх мэтийн үлгэр, ёгтлол байдаг даа. Тиймэрдүү л үзэгдэл, оролдлого, шашин ба шинжлэх ухаан хоёрын зааг, завсраас төрсөн, сонихон хэрнээ “давс, хужир нь хэрээс хэтэрсэн” тийм л зүйл юм. Монгол хүний сэтгэлзүй, ухамсарт нөлөөлсөөр ирсэн эрч, инерци нь хүчтэй, уламжлал, зан үйл, ёс дэг шахам болчихсон зүйл учраас л зурхай нь амь бөхтэй оршсоор байна. Нас барагсдын алтан хайрцгийг нээх талаар Далай ламтан “тэр тухай мэдэхгүй юм байна” хэмээсэн гэж би хаа нэгтэй уншсан, бас сонссон юм. Тэр нь үнэн ч байх. Төвдийн ламын шашин Төвддөө бол зурхайтай холбоогүй бололтой. Энэ сонин баримт шүү! Төвдийн ламын шашны суртал, зан үйл, мөлжлөг, мунхруулгад ихэд нийцтэйгээр анх зохиомжлогдсон болох тул зурхай нь дорхноо л ламын шашны хавсарга, холбоотон болж Монголд дэлгэрчээ. Аль ч шашинд буяныг аль болох ихээр үйлдэх, нүгэл бүхнээс аль болохоор зайлсхийж байхын чухлыг номлодог. Зөвхөн энэ чухал, сайн шинжээс нь болоод шашин хэрэгтэй гэж үздэг хүмүүс олон л доо. Гэхдээ ийм үзэл, хүмүүжлийг гэр бүлийн хүрээнд ч, сургууль соёлын хүрээнд ч, урлагаар дамжуулаад ч олгож л байдаг шүү дээ.

 

Сайн, муу хоёрыг ялгаж, салгаж үр хүүхдээ хүмүүжүүлдэг сайхан уламжлал, ардын аман зохиол угсаатан бүхэнд л байдаг билээ. Багаахан хэмжээтэй сайн, зөв юмны нь төлөө асар том мунхруулгыг уучилж, магтаж болохгүй. Шашин бүхэн л жижигхээн сайн, зөв юман дээрээ дөрөөлөөд л хүн төрөлхтөнг наад зах нь л 6000 гаруй жилийн туршид төөрөгдүүлсээр байгаа юм.

 

Эртний Египетийн үе, асар том пирамид босгож байсан үеэс наашаа л бурхад, буг, чөтгөр, лус савдаг ярьсаар, мөн итгэсээр ирсэн шүү дээ.

Одон орон судлал, цаг уур судлал, амьтны амьдралын биоритм судлал, хүний амьдралд дөрвөн улирлын үзүүлэх нөлөөний судлал зэргээс зурхайн ухаан маягийн онол, мэдлэгийг гарган ирж болохыг миний бие ер үгүйсгээгүй гэдгээ эцэст нь хэлье. Өнгөрсөн түүх, бурангуйдуу цаг үе, хүн төрөлхтний нялх балчир үеийн алдаа, төөрөгдөл, тэдгээрийн үлдэгдэл, инерци хаана ч гэсэн байж л байдаг болохоор гайхах юм ч биш л дээ...

 

Судлаач, профессор Д.Чулуунжав