Бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 болон 32 настай эмэгтэйн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр өдөр болж, өчигдөр орой шүүхийн шийдвэр гарсан юм.

16 настай охины амийг хөнөөхөд хамжигчаар оролцсон гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсгэхгүй болгож "цагаатгав". Шүүхийн эл шийдвэр маш олон хүний бухимдлыг төрүүлж байна.

Тэгвэл мэргэжлийн хуульчид шүүхийн шийдвэр, прокурорын үйл ажиллагааг үндэслэлтэй, хууль дээдэлж ажилласан талаар цахим орчинд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Тодруулбал, Өмгөөлөгч Ч.М "Шүүхээс гаргасан шийдвэрээр Янжиндулам прокурор нь хууль, зарчимд нийцүүлэн, мэргэжлийн ёс зүйг чанд сахин ажилласан болох нь тогтоогдлоо.  Уг шийдвэр нь хууль сахиулах байгууллагын албан хаагч хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллахын чухлыг дахин нотолсон үйл явдал боллоо" гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан. Тэгвэл прокурор анхнаасаа Э.Г, Э.Н нарыг гэмт хамтран оролцоогүй гэж үзсэн нь хууль, зарчмаа баримталж ажилласныг шүүх шийдвэрээрээ харуулав.