Худал бүхнээсээ салцгаах юмсан
2 цагийн өмнө

Хүмүүсийн итгэж, үнэмшиж, үнэн мэдлэг, зөв мэдээлэл гэж тооцож байдаг бүх зүйлийн (дүрсэлж хэлэх аваас) 90 хувь нь үнэн, харин үлдэх 10 хувь нь худал юм. Бүх худлаасаа салах хөдөлгөөн, уралдаан, санаачилга ганц удаа ч болов гарч байсангүй. Худлууд худлаараа үлдсээр л өнөөдрийг хүрэв.
Хагас худал гэж үнэлж болохоор зүйл ч бас олон буй. Дахин шалгах, давтан нотолвоос зохих зүйл ч бас олон. Бүр математикийн шинжлэх ухаан, сурах бичигт нь ч худал байж л байгаа. Бүх шатны сургуулиудад тэдгээр нь худал янзаараа л заагддаг. Манай гавъяат багш нар, ардын багш цолтонгууд ч мөнхүү худлааг давтсаар л байгаа. Жишээ нь тоог нольд хуваах (п:0 ¥) юм бол хязгааргүй их тоо, харин нолийг тоонд хуваавал (0:п 0) маш бага тоо гарна гэх нь худал юм. 0 (тэг) бол тоо биш, зөвхөн оронг заасан тэмдэг. Аравтын, зуутын, мянганы гэх мэт оронг тэг тэмдэг заадаг. Хэрэв тэг нь тоо юм бол 0:0=1 байх ёстой. Сурах бичигт 0:0=0 гэж л буй. Аль, ямар ч тоог өөрт нь хуваахад хариу нь нэг гэж л гарах ёстой. Наад зах нь л энэ зөрчлийг багш нар олж хардаггүй нь сонин.
Энэ тухай би “БАЙГАЛИЙН ХУВЬСЛЫН ФИЛОСОФИ” номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн юм (273-280 дахь талд үзнэ үү). ХХэн нэгэн том математикчийн үгийг дагаад, нэр төрд нь сохроор итгээд энэ худал анх газар авсан байх. Эсвэл тоочдын гэнэхэн тохиролцоо байсан байж ч болох юм...
Модун шанью хөлөг сайн морио, төрсөн эцгээ харваж алсан, эхнэрээ зэргэлдээ орны хааны шаардлагаар түүнд хүргүүлсэн гэх хятад түүхчийн үг ч мөн худал. Энэнд нотолгоо, эх сурвалж байхгүй. Энэ талаар миний “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ФИЛОСОФИ (НЭН ЭРТНЭЭС XXI ЗУУНЫ ЭХЭН)” номноос үзэж болно. Сыма Цяны энэ худал үг 2000 гаруй жил үнэн мэт уншигдсаар байна. Нүүдэлчдийг зэрлэг араатан мэт болгож харуулах гэсэн л оролдлого, “Нүүдэлчид бол зэрлэгүүд” гэх тэр цагийн үзэл, үнэлгээний нэгэн тусгал төдий юм. Зарим хаадын ээж нарны гэрлээс жирэмсэлжээ гэх нь бас л худал. Зарим угсаатан чононоос, зарим нь хун шувуунаас, зарим нь хоо марал мэтээс үүссэн гэх нь мөн л худал... Хүн анх Африкт үүсэж тархсан нь ч худал. Бурхан, чөтгөр, шулам, лус савдаг, луу, хангарьд ч бас л худал дүрүүд, хийсвэр ойлголтууд. Урд хойд төрөл, диваажин, там, эрлэг номын хаан мэт нь ч худал. Энэчлэн шашны худлыг тоочив ч барахгүй... Одоо дэлхийн улс орнуудад ашиглагдаж байгаа цаг тооны бичгүүд бол бүгд л хүмүүсийн тохиролцож бүтээсэн календариуд юм. Тэдний дунд зарим нь нар, сар, дэлхий гурвын байрлал, шүтэлцээ, хөдөлгөөн зэрэгт яв цав түшиглэсэн нь ч буй. Иймэрхүү бодитой тал нь тун бүрхэг, бүр худал, алдаатай нь ч буй.
Нар ба дэлхийн байрлал, хөдөлгөөний хувьд хамгийн богино шөнө ба өдөр, хамгийн урт өдөр ба шөнө, өдөр ба шөнө тэнцдэг хоногууд гэх 4 чухал байрлал, тэдгээрээс шалтгаалдаг улирлууд, харин сар ба дэлхийн хувьд сарны дэлхийг нэг тойрох хугацаа, дэлхий тэнхлэгээ нэг бүтэн эргэх хугацаа мэт нь л календариудын үндэс болдог.
Цаг тооны бичгүүд эдгээрт л хатуу тулгуурлаж зохиогдох учиртай... Зарим улс оронд хаадууд нь тэнгэрийн хөвүүд, гарваль, удам нь ер бусын хэмээдэг. Энэ бол худал... Дэлхийн 2-р дайны ялалтыг авч ирсэн улс орон бол Америк, Англи гэж одоо үзэх, бичих болж. Энэ бол нэгэн том худал шинээр төржээ гэсэн үг... 13-р зуунд монголчууд дэлхийн хагасыг эзэлж эзэнт гүрнээ байгуулжээ хэмээн бичсээр ирэв. Тэр зуун дахь дэлхий дахин бол Европ, Ази, Африкийн хойд хэсэг л байсан. Америк, Австрали нээгдээгүй байв. Тэгэхлээр дэлхийн хагасыг л эзэлсэн гэх үг бас л худал юм... Америк тивийг 15-р зууны эцсээр европчууд нээсэн гэдэг. Үнэндээ Америк тивийг Азиас нүүдэллэн очсон улаан арьстангууд л анх нээн олж, тэндээ суурьшжээ. Австрали тивийг ч гэсэн Азиас нүүдэллэн, тархан очсон хүмүүс л анх олж нээж, тэндээ суурьшжээ. Тэгэхлээр Австрали тивийг мөн л Азиас гарвальтай хүмүүс нээжээ. Энэ тухай миний “ДЭЛХИЙН ТҮҮХИЙН ФИЛОСОФИ” номоос уншиж болно... Хүн хичнээн л их урт цагаар, бүр 10 болон түүнээс ч их цагаар унтаж байвал эрүүл мэндэд болон сайхан харагдахад тустай гэх цуурхал их яригдах болов. Энэ бол бас л худал мэдээ юм. 10 цагаас илүү олон цагаар унтах нь хортой болохыг Европод 3,4 сая хүн дээр судалж, нотолжээ. 10 болон түүнээс олон цагаар унтах нь хүн элдэв шалтгаанаар зуурдаар үхэх эрсдэлийг 30%-иар, тархинд цус харваж нас барах эрсдэлийг 56%-иар, зүрх-судасны өвчнөөр нас барах эрсдэлийг мөн 50%-иар нэмэгдүүлдгийг олж тогтоожээ. Хүн хоногт 6-8 цаг л унтаж байх нь аюулгүй юм байна...
Хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн шаардлагатай бүх вакциныг цаг алдалгүй хийж байх нь хүндээр өвчлөх, тахир дутуу болох, нас барах эрсдэлээс найдвартай хамгаалах арга мөнийг үгүйсгэх, эсэргүүцэх үзэгдэл ч их болов. Энэ нь бас л нэг худал юм...
Түүхэн буй болж, уламжлагдсаар байгаа, орчин үед ч шинээр буй болсоор байгаа худал бүхнээс салах нь чухал байна. Улс орон нэг бүр толь бичиг, нэвтэрхий толиудаа 10 жил дутамд дахин засварлаж, шинэ шинэ мэдлэг, мэдээллээр сэлбэж байх хэрэгтэй. Шинжлэх ухааны олон салбар хөгжихийн хэрээр үнэн гэгдэж байсан олон дүгнэлт, ойлголт шинэчлэгдэх нь хэвийн л үзэгдэл. Тэр бүхнийг сурах бичгүүдэд, нэвтэрхий толиудад аль болохоор л түргэн тусгаж, хуучирсан, няцаагдсан зүйлүүдийг хасаж байх ёстой. Ийм ажил бараг л хийгдэхээ больчихоод байна. Дунд сургууль, дээд сургуулиудын сурах бичгүүдийг яг л энэ цаг үеийн өндөрлөгөөс бичиж, засварлаж, редакторлаж чадах хүмүүсийн хүчээр л хийлгэж байх хэрэгтэй. Эрдмийн зэрэгтэй боловч хоцрогдсон хүмүүс энэ ажлыг өнөөгийн шаардлагын түвшинд хийж чадахгүй. 20 жил, 30 жилийн өмнөх мэдлэгээр сурах бичгүүдийг бичиж, нэмж, засварлаж болохгүй. Христос, Аллах, Буддагийн, бусад гэгээнтнүүдийн нэрийг барьж худлыг номлогчдын, мөн хуурамчаар шинжлэх ухаантан болж жүжиглэгчдийн, нэмээд бас бус худал мэдэмхийрэгчдийн буй болгосон үнэнээс үнэхээрийн хол номлол, сургаал, үзэл, онолыг оюунлаг философичид сүүлийн хоёр мянган жилийн туршид залруулсаар, үнэнд ойрхон мэдлэг, мэдээллийг бүтээсээр иржээ. Олон ч худал орхигдож, бүр мартагджээ. Энэ талаар миний
“НИЙГМИЙН ФИЛОСОФИ: ОНОЛ, ТУРШИЛТ, СУРГАМЖ, ШҮҮМЖ” номоос үзэхийг зөвлөж байна. Нэмж, засварласан 3-р хэвлэл нь 2014 онд уншигчдын гар дээр очсон болно. Зуун зууны моодны гэгдэх философичдын олон ч үзэл, урсгал хүнд цохилт авч дуугаа хураасан юм шүү. Орчин үед ч гэсэн Баруунаас уг сурвалжтай зарим нэгэн урсгал Европод ч, мөн Азид ч гарч ирсээр л байна. Сүүдэр болон цуурай нь Монголд ч байх, тархах болов...
Манай улстөрчид гэгдэх хүмүүсийн боловсрол нимгэн, мэдлэг бага болохоор юуг ч болов дагаад хөөрч, хошуурч болох магадлал өндөр. Тийм дээрээс ч хоорондоо юугаараа ялгаатай нь тодорхойгүй 37 нам буй болчихоод байна.
1990-1992 онд ч мөн тиймэрхүү байж билээ. Тэр үед Ардын Их Хурлын депутат байсан 400 гаруй хүн (зарим нь Улсын Бага Хурлын гишүүн) засаглал хуваах, шүтэлцүүлэх, тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавих талаарх онол, сургаал, мөн “иргэний нийгэм” гэх нэр томъёоны тухай ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байсан юм. Тэр ч бүү хэл шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 2 жил, 4 жил, бүр 5 жил өнгөрсний дараа ч түүхийн ухааны доктор , улстөрийн шинжлэх ухааны доктор, хууль зүйн ухааны доктор хүмүүс хүртэл иргэний нийгмийн талаар үнэн мэдлэг, зөв мэдээлэлгүй байж билээ. Энэ талаар миний “МОНГОЛЫН УЛСТӨРИЙН ФИЛОСОФИ: ОНОЛ, АМЬДРАЛ, СУРГАМЖ, ШҮҮМЖ” (2012 он) номын 27-41 дэх нүүрт үзэж болно. Тэнд баримтууд байгаа. Олон худал, хуумгайн тухай тэнд өгүүлсэн юм. УИХ-ын гишүүн болон засгийн газрын гишүүний үүргийг нэг хүн хамтатган хаших нь (давхар дээл) буруу, сөрөг үр дагавар ихтэй болох талаар, мөн УИХ-ын гишүүдийн тооны зохист хэмжээний талаарх үнэн ба худлыг миний бие 30 гаруй жил бусад орны жишээ, баримт, туршлагад үндэслэн бичсээр, шүүмжилсээр ирлээ. Энэ асуудлаарх үнэн ба худлыг миний “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ЗАРИМ АСУУДАЛ (1990-2017 он)” номоос үзэж болно. Иргэний нийгэм ба ардчилсан бие хүний асуудлаар ч үнэн ба худал хоёр Монголд зэрэгцэн оршсоор л байна. Энэ талаарх худлаас ч гэсэн салах хэрэгтэй. Энэ асуудлын онол, түүх, бусад орны туршлага, манай өнөөдрийн нөхцөл, байдлыг миний “ИРГЭНИЙ НИЙГЭМ БА АРДЧИЛСАН БИЕ ХҮН (2012 он)” номоос үзэхийг зөвлөе. “76 гишүүн цөөдөөд байна, худалдагдаад байна, энэ тэр олигархиудад олзлогдоод төлөөний хүн нь болчихоод байна” гэдэг үг бол үнэхээр утгагүй.
Хэн ч бүгдийг нь худалдаад авах боломжгүй болтол нь УИХ-ын гишүүдийн тоог нэмээд л байх болж байна уу? 76 авлигач биш хүнийг сонгочихвол л болчих биш үү? Тоог нь нэмэх нь гарц, шийдэл биш шүү дээ!
Ийм худал, ийм тэнэглэлд хөтлөгдөх нь өнөөдөр ямар үр дүнд хүргэчихээд байна вэ? Худал болохыг нь ч амьдрал баталчихлаа... Улстөрчийн зиндаанд хүрч амьдралаар бэлтгэгдээгүй хүмүүсийг “намын жагсаалтаар” гэх хуурамчлал, хуйвалдааныг ашиглан УИХ-д оруулж ирсний нууц шалтгаан, заль мэхийг өнөөдөр ч гэсэн хүмүүс нээж, олж, илчилж бүрэн чадаагүй, хууртагдсаар, худалд нь итгэсээр л байна шүү дээ. Намын удирдлагын заль, мэх, том том хандив өгөгчдийн заль, мэх нийлж, найрсаад УИХ-ыг (ямар нэгэн хэмжээнд) “улстөрийн янханы газар” болгочихлоо шүү дээ. Өөрөөр нэрлэх аргагүй, яг оноосон нэр томъёо одоохондоо үгүй болохоор л энэ үгийг хэрэглэчихлээ. Уншигчид уучлах бизээ.
Дээрээс нь давхар дээлийн гай, хорлол нэмэгдээд “улстөрийн намаг, балчиг” үүсчихлээ. Иймэрдүү үзэгдэлтэй Трамп АНУ-д тэмцэж, ялах ялагдах нь тодорхойгүй нэг жил болчихоод байна. Энэ үзэгдэл АНУ-ын ардчилсан намаас угшил, гарвальтай гэгддэг ажээ. Их Британий улстөрийн соёл ч бас хамаатай нь үнэн юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав







Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOMR80955877SHAALTSI XUCHINDUULI AL SEXSEER ANUSDI