Засгийн газар бонд гаргахаар болжээ
3 цагийн өмнө

Засгийн газар олон улсын HSBC, Morgan Stanley, Standard Chartered Bank банкнуудтай хамтран 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу маргаашаас эхлэн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, шинэ бондын талаарх мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ.
Дахин санхүүжилтийн хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 7-нд хугацаа нь дуусах 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.650, мөн 2029 онд төлөх 7.875 хувийн хүүтэй бондуудыг буцаан худалдан авах бөгөөд энэ үйл ажиллагаанд шаардагдах зардлыг шинэ бондоос татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
2026 оны төсвийн тухай хуулиар Засгийн газарт бонд гаргах эрх олгосон. Тодруулбал, 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоодын үнэт цаас, нэг тэрбум ам.доллар хүртэлх гадаадын үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт олгосон. Тэгвэл Засгийн газар 2026, 2027, 2028 онд төлөх бондуудаа дахин санхүүжүүлэхээр шинэ бонд гаргахаар болсон байна.
2020 онд Засгийн газраас гаргасан "Номад" бондын 174.3 сая ам.доллар буюу 656.6 тэрбум төгрөгийг энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд төлөх хуваарьтай. Мөн Сенчири-1,2,3 бондын төлөлтүүд 2027,2028,2029 онуудад бий. Тодруулбал, "Сенчири-1" бондын эхний төлөлтийн 420.1 сая ам.доллар буюу 1,436.8 тэрбум төгрөгийг 2027 оны долдугаар сарын 7, "Сенчири-2" бондыг 675.1 сая ам.доллар буюу 2,309.2 тэрбум төгрөгийг 2028 оны нэгдүгээр сарын 19, "Сенчири-3" бондын 351.9 сая ам.доллар буюу 1,203.6 тэрбум төгрөгийг 2029 оны зургадугаар сарын 5-нд төлөх хуваарьтай байна.






