МХЕГ-аас "Хүнсний худалдаа эрхлэгчдэд зохистой дадлуудыг нэвтрүүлэх нь" сэдэвт байгууллагын сургалтын хөтөлбөрийн хүрээнд 15 аж ахуйн нэгжийн хүнсний 72 худалдаа эрхлэгчийг хамруулсан сургалтыг өчигдөр зохион байгууулсан юм.

Энэ сургалт нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд шинээр гарсан хууль, дүрэм, журам, заавар, аргачлалын хэрэгжилтийг хангуулах зорилготой аж.

Мөн хүнсний үйлчилгээнд дотоод хяналтын тогтолцоо буй болгож төлөвшүүлэх, дотоод хяналтын ажилтан, худалдагч нарын чадавхийг сайжруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгджээ.

Хүнсний худалдаа эрхлэгчид дотоодын хяналт болон зохистой дадлуудыг хэрэгжүүлэх бөгөөд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нөхцөл илэрсэн тохиолдолд түүнийг буцаан болон татан авах, тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хаанаас авсан, хаашаа өгснийг бүртгэх замаар хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгөх тогтолцоо нэвтрүүлж, шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлснээс хэрэглэгчдэд учирсан хохирлыг бүрэн хариуцах тухай анхан шатны хууль эрх зүйн мэдлэгтэй болов.

Хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулснаар хоол, хүнснээс шалтгаалсан хордлого, халдварт өртөх хүний тоо буурах төдийгүй хүнснийг савлах, шошголох, хадгалах, тээвэрлэх, худалдах үе шатанд тавих хяналт боловсронгуй болж, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн нийгмийн хариуцлага дээшлэх юм.

Худалдааны газруудад дотоодын хяналт, эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлснээр  хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалж, урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байгаа аж.

Х.Даваа