УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр холбогдох албаны хүмүүс амьгүй донорын гэр бүлд олгох оршуулгын тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх П.Батчулуун: Дэлхийн эрүүл мэндийн практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлсэн. Манай улсын хувьд энэ эмчилгээг 2018 оноос эрчимтэй хөгжүүлж яваа. Амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардал өгснөөр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа. 

Турк, Солонгос улсад амьгүй донорын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тусламж үзүүлэхийн тулд гэр бүлд оршуулгын зардал өгөх асуудлыг дэвшүүлээд эрүүл мэндийн практикт хэрэгжсэн. Тиймээс бид энэ асуудлыг хуульдаа тусгасан. 

Нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах, эмчилгээ үйлчилгээ явуулах төв 2019 оноос хойш баригдаж байгаа. 

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах төрийн байгууллага нь мэргэжлийн төв байх ёстой. Бодлогоо баримтлаад хэрэгжилтэд хяналт тавиад, үр дүнг Эрүүл мэндийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгдөг байх учиртай. Төсөв болон санхүүжилт нь улсын төсвөөс хангагдах байх.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга Б.Алтантулга: Амьгүй донор болсон тохиолдолд түүний гэр бүлд оршуулгын тэтгэмжийг Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу дэмжих сангаас олгоно гэж заасан. Амьгүй донорын гэр бүлд оршуулгын тэтгэмж өгдгийг Засгийн газрын хоёр сангаас олгож буйг нэг сангаас олгох нь зүйтэй гэж ажлын хэсэг ярилцсан.

Амьгүй донорын гэр бүлтэй уулзаж, донор болох хүсэлт тавьж зөвшөөрөл авдаг. Энэ тохиолдолд амьгүй донорын хамгийн ойр дотнын гэр бүлийн гурван гишүүнээс амьгүй донорын зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулдаг. 

Манай алба 2018 онд байгуулагдсанаас хойш 75 гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Энэ хуулийн төсөл батлагдсанаар амьгүй донорын илрүүлэг болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хэд дахин нэмэгдэнэ.

Оршуулгын тэтгэмж өгөх асуудал 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын халамжийн сангаас 2023 онд нэг хүн, 2024 онд дөрвөн хүн, 2026 онд нэг хүн гээд нийт 22 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгосон байна.

Даатгуулагч, төлөгч биш тохиолдолд Эрүүл мэндийг дэмжих сангаас 2023 онд нэг хүнд оршуулгын тэтгэмж өгөх асуудал шийдэгдсэн. Оршуулгын тэтгэмжийг жилд хамгийн багадаа 10 амьгүй донор гарч болно гэж бодоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн гэж тооцоолсон. Жилд ойролцоогоор 70 орчим сая төгрөгийн зардал гарна гэж тооцсон. 

Солонгос улсад амьгүй донор болсон тохиолдолд оршуулгын зардлыг бүрэн даадаг тогтолцоотой. Бид ямар ч байсан оршуулгын тодорхой хэмжээний зардлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгаж байгаа. Монгол Улсад оршуулгын зардал хамгийн багадаа зургаан сая төгрөгөөс эхэлдэг. Тэгэхээр оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ гэж тооцсон.