Шүүх бол төрийн гурван тулгуур засаглалын нэг нь. УИХ, Засгийн газар, тэгээд шүүх засагладаг. Гэвчиг: Нөгөө хоёроосоо хамаагүй сул дорой. Олонд хүндлэгдэх хийгээд итгүүлэх юмаар хомс. Ийм болчихсон. Энэнд мэдээжээр улстөрчид, нэн ялангуяа төр барьж байгаа хүмүүс буруутай. Өөрийг нь болоод бусад шүүгчийн томилдог, шүүх байгууллагын төсөв санхүүг нь шийддэгээрээ дулдуйдан шүүхийн даргыг гартаа оруулдаг. Шүүхийн даргаар дамжуулаад шүүхийг гарын аясаар хөдөлгөдөг. Өөрөөр: Иймийн учраас шүүх засаглал эрх мэдлийн сүр дор гөлөлзөн амьдардаг болсон. Ерөөс: Сүүл үеийн он жилүүдэд шүүхийн толгойд байсан шүүгч нар шүүхийг ийм болсны бурууг хамт үүрэх жанцан бий. Тэд: Үгүй ээ, чадахгүй ээ гэдэг бол Эрх мэдэл үнэндээ яаж ч чадахгүй. Эмгэнэлтэй нь: Үг дуугарав уу, үгүй юу сөгдөж гүйгээд, сэлэм Тогмид болж хэлсэн хүн болгоныг нь яллаж шийтгээд ял захиалж, алх цохиулах амтанд орчихсон юм.

Ойрын 10 жилд: Үгүй гэсэн нэг л Ерөнхий шүүгч сонсогддог. Х.Батсүрэн шүүгч. Уул нь Х.Баттулга Ерөнхийлөгч болуутаа Ц.Зоригийг чөлөөлж, Х.Батсүрэнг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон. Гэсэн ч үгэнд нь ордоггүй. Урдаас нь хууль, зарчим ярьж, ерөнхийдөө хийх гэж байгаагийнх нь эсрэг ажиллаад байж. 20 оны сонгууль ч дөхсөн тул арга буюу нэг жил болгоод халж. Тэгэхэд Х.Баттулгад өөдөөс нь хууль дүрэм, олон юм ярьж, маллаад байдаггүй эр зоригтой Ерөнхий шүүгч хэрэгтэй болж. Тэр шалгуурт нь удам угшил нь Өвөрхангай, ажил төрөл нь Сонгинохайрханаас эхэлсэн Д.Ганзориг тохирч. Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд тэгж хоёр Ерөнхий шүүгч ажиллуулсан түүхтэй. хоёр дахь зарлигтай Д.Ганзориг Ерөнхий шүүгч болуутаа бужигнуулсан. МАН-ын С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг АН-ын С.Баярцогттой, Э.Бат-Үүл нартай нь хориод, яллаад сүйд хийсэн. Цагдан хоригдсоныг нь: Суллагдъя гэхээр нь 10 тэрбумын барьцаа нэхээд л. Заримаас нь авч байгаад суллаж л байв.

Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны зургадугаа сарын 2-нд буюу 14 хонохгүй дуусна. Тэр бууна. Уул нь хөөрхий, улирч томилогдох нүх сүв хайгаад нэлээн гүйж. Цэцийн даргатай хүртэл хоршчихсон: Хоёулаа хамт сунгагдана гэж гарц орц хайж үзэж. Тэгсэн нь олдоогүй бололтой. Ойрмогхоноос өөр шүүгчийн нэр дараагийн Ерөнхий шүүгчид яригдах болов. Тэр нь Ч.Хосбаяр. Эдүгээ Д.Ганзоригийн дор буюу Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр ажилладаг. Халз тулгах юм бол Ч.Хосбаяр нь Д.Ганзоригоосоо хамаагүй илүү шүүгч, чанга хуульч. Хэдхээн юм харахад: Д.Ганзориг МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Эдүгээ хууль зүйн ухааны магистр зэрэгтэй болсон. Ч.Хосбаяр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжил, бакалавр зэрэгтэйгээр, Төрийн удирдлагын академийг, Гаагийн Олон улсын Эрх зүйн академийг, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг магистр зэрэгтэйгээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг магистр зэрэгтэйгээр, АНУ-ын Бригхэм янг Их сургуулийг магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын гавьяат хуульч юм.

Шүүгчийн карьер нь: Д.Ганзориг 2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчээр, 13 онд Дээд шүүхийн шүүгчээр, 20 онд Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсон. Ч.Хосбаяр нь 2006 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчээр, 12 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 13 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр, 15 онд Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. 21 онд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдсон.

Ч.Хосбаярын өөр нэг давуу тал нь улс төрийн онц дуулиантай хэргээр нэрлэгддэг Н.Энхбаярыг яллах бүрэлдэхүүнд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч байхдаа орж ажилласан. Тэрнээс гадна: Эдүгээгийн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй. Ойрмогхон үе үе бараалхаж байгаа сонстох болсон. Энэнээс ургуулаад улс төрийнхөн: Мань Ч.Хосбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдох нь тодорхой юм шиг байна. 27 онд АН-аас Н.Алтанхуягийг дэвшүүлэхгүй байх амыг л өгсөн байх гэж яриад эхэлж. Энүүнээс харах нь ээ: Х.Баттулгын Д.Ганзориг явж, оронд нь У.Хүрэлсүхийн Ч.Хосбаярыг Ерөнхий шүүгч болох нь ээ…

Ө.БАТБИЛЭГ

ӨДРИЙН СОНИН