АН-ын долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг 4:11 цаг мэдээллийн цагаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр эрх баригч МАН-аас Засгийн газарт хамтрах санал тавиагүй. Санал ирсэн ч Засгийн газарт хамтрахгүй гэдгийг хэллээ. Мөн нийслэлийн төсөв болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хяналт шалгалт хийх ёстой гэв.Тэрээр “Биднийг засаглаж байх үед буюу 2015 онд нэг их наядын төсөвтэй байсан Улаанбаатар хот бараг зургаа дахин өсөж 5.8 их наяд болтлоо өссөн. 2025 оны НИТХ-ын хурлаар баталсан 16 мега төсөл, нийт 24 мега төслийн нийт өртөг улсын төсвийн зардалтай тэнцэж байгаа. Ийм том төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн хүчин чадал байна уу, эрэмбэлж үе шаттай хийх ёстой гэж үзэж байгаа. Мөн энэ төслүүдийг хэрэгжүүлэх компани, боловсон хүчин байгааг эсэхийг ярих ёстой. Энэ том төслүүдийн цаана их хэмжээний авлига, хээл хахууль, хуулийн зөрчил байгааг гэдгийг УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, мэргэжилтнүүд илэрхийлж байгаа.

Нийслэлийн өнгөрсөн 2 жилийн төсвөөр УИХ-ын Төсвийн байнгын хороо нээлттэй сонсгол хийх гэж байна. Сөрөг хүчний зүгээс энэ том төслүүд, утаа түгжрэлийн асуудлыг шийдэх нь зүйтэй. Гэхдээ төслүүд нь нээлттэй, авлига хээл хахуульгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.