Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛСТӨР: Нөхөн сонгууль болж МАН ялалт байгуулав. Тэгвэл АН-ынхан 2028 оны сонгуулийн нэр дэвшигч нараа ирэх 7 хоногоос бүртгэж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ.

Аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль 2026.06.21-ний өдөр боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль товлон зарласан юм.

Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг, бие даан нэр дэвшигч тав, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын урьдчилсан дүн гарлаа.

Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид, нэг мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, хоёр мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна.Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн ялалт, АН нам 17 мандат буюу 36.9 хувийн ялалт, ХҮН нам нэг мандат 0.2 хувийн ялалт, бие даагч хоёр мандат буюу 0.4 хувийн ялалтыг тус тус авсан байна.

АН-ын дарга 2028 оны сонгуульд нэр дэвшигч нараа ирэх долоо хоногоос эхэлж, бүртгэж авахаар эхлүүлж буйгаа мэдэгдлээ.

Ардчилын намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, 2028 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх ажлыг хариуцах Сонгуулийн стратегийн байгууллагыг байгууллаа. Намын дүрэмд сонгуулийн бэлтгэл ажлыг сонгуулиас хоёр жилийн өмнөөс эхлүүлж, зохион байгуулалтад орох тухай заасан байдаг.

Үүний хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй Ардчилсан намын гишүүд болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн хүсэлтийг хүлээн авахаар боллоо.

15 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн стратегийн байгууллагыг миний бие удирдан зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно. Төрийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийн дотоод сунгаа нь улс орон, ард иргэдийн ахуй амьдралд тулгамдаад байгаа асуудлыг хэн, хэрхэн, яаж шийдэх вэ гэдэг бодлогын мэтгэлцээн юм.

НИЙГЭМ: Элсэлтийн Ерөнхий Шалгалт явагдаж олон нийтийн зүгээс жил бүр шуугиан дэгдээдэг сэдэв задарсан гэх яриа ч энэ жил эхний өдрөөс дэгдэв.

2026 оны Элсэлтийн шалгалт өчигдөр /2026.06.25/ түүх, англи хэлний шалгалтаар эхэлсэн. Элсэлтийн шалгалтын явц болон олон нийтийн дунд үүсээд буй шалгалтын материал задарсан гэх асуудлын талаар Боловсролын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Элсэлтийн ерөнхий шалгалт жил бүр зохион байгуулагддаг. Шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудал бол сүүлийн гурван жилд цэгцэрсэн. Аль болохоор бүх хүүхдэд хүртээмжтэй, шударга, цэгцтэй байх орчныг бид бүрдүүлээд л байгаа. Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан аймаг, дүүрэг, боловсролын дарга нарыг оролцуулсан онцгой комисс ажиллуулж байгаа нь энэ жилийн шалгалтын онцлог. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтыг 55 төв дээр зохион байгуулж буй. Тухайлбал, сэдэв даалгарыг хийхэд Тагнуулын цагдаагийн хяналтад дор боловсруулагдаад шалгалтын өглөө л шалгуулагч хүүхдүүдийн өмнө лацыг нь задалдаг. Сошиалд гараад байгаа асуудал бол ор үндэслэлгүй. Үнэхээр боловсролын үнэлгээний төвийн ажилтан нь 2,5 сая төгрөгөөр зарсан бол цагдаагийн байгууллагад өгөх хэрэгтэй. Би өчигдөр шалгалтын төв дээр өөрийн биеэр очиж танилцсан. Сонгуулийн хар машин шиг хардаж сэрдээд байх зүйл байхгүй. Бүхий л зүйл нь цахимжсан. Орон нутгийн материалуудыг тагнуул, цагдаагаас бүрдсэн багийнхан хүргэдэг. Тэрнээс хэн нэгэн ажилтны цүнхэнд явж байдаг зүйл ерөөсөө биш. Би үүнийг сайдын хувиар хатуухан хэлье. 

Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат: Элсэлтийн шалгалтад орж буй шалгуулагчдын сэтгэл зүйн эмзэг байдалд тулгуурлан зарим нэг ашиг хонжоо хайсан этгээдүүд олон нийтийн цахим сүлжээнд буруу ташаа мэдээлэл түгээж байна. Тухайлбал, Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар задарсан, худалдаж байна, тэдэн төгрөгөөр авсан, зарсан гэх буруу ташаа мэдээлэл тарааж байна. Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар задрах ямар ч боломжгүй. 24 цагийн камер, холбогдох хууль хүчний байгууллагын мэргэжилтнүүдийн хатуу хяналтад сэдэв даалгавар боловсруулагдаж, шалгалт зохион байгуулагдах өдөртөө шалгалтын төвүүдэд хуулийн байгууллагын тусламжтай хүргэгддэг тул задрах ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Иймд элсэлтийн шалгалтын шалгуулагчид, эцэг эх, асран хамгаалагч, багш, иргэд олон нийтэд хандаж хэлэхэд буруу ташаа мэдээлэлд автаж, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирохгүй байхыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСАГ: Хонь, үхрийн мах, төмс, луувангийн үнэ нэмэгджээ

Сүүлийн саруудад гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоног тутамд нэмэгдэж буй. Тэгвэл  2026 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.8 хувиар, өмнөх сараас 3.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад:

  •  Төмсний үнэ 4.2 хувь,
  •  Луувангийн үнэ 2.3 хувь,
  • Хонины ястай махны үнэ 1.6 хувь,
  •  Үхрийн цул махны үнэ 1.3 хувиар тус тус өссөн байна.

СПОРТ: Д.Сүхбаатарын талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн цувралд "Улаанбаатар Амазонс" баг түрүүллээ.

Энэ тэмцээнд оролцогчдыг чансаагаар тэргүүлсэн манай хүүхнүүд хэсэгтээ Сингапур, Тайландыг илт давуу буулган авч, шөвгийн наймд Францын U25 багийг илүүрхсэн юм.

Улмаар хагас шигшээд БНХАУ-ын багийг 21:15-аар хожоод шигшээд Германыг 19:16-гаар ялснаар аваргаллаа.

"Амазонс" багийн хувьд энэ улиралд Шанхайд IV байр эзэлсэн бол Австрийн Венад Испанийн багтай шигшээд тунаад ялагдсан билээ.

СОЁЛ УРЛАГ: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг Их Британи улсад нээв

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд албан ёсоор нээж олон нийтэд дэлгэлээ.

“Чингис хаан” үндэсний музей нь өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн бол уг үзэсгэлэн Монголын соёлын өвийг дэлхийд сурталчлах үйл явдал болж байна.

Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд багтсанаас “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорум музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа аж.

Уг үзэсгэлэн энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл европын үзэгчдийн хүртээл болно.