Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км, дөрвөн эгнээтэй авто замын ажлыг есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэв
54 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв аймгийн Лүн сумын замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар шадар сайд Т.Доржханд "Баруун тийшээ 1.1-1.2 сая иргэд зорчдог Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн авто замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр боллоо.
Нийт 101.7 км, дөрвөн эгнээ авто замын ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл батлагдсан. Энэ ажлыг есдүгээр сарын 1-нээс төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ" гэв.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас эрчим хүчний салбартай холбоотой нэгэн чухал шийдвэр гаргалаа.
Саяхан таван аймгийн нутагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан. Нийт 220 МВт хүчин чадалтай, батарей хураагууртай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 1-нээс эхэлсэн.
Энэ сайн туршлага дээр үндэслэж дараагийн шатны аукционыг зарласан. Зардлыг өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Дахин таван байршилд буюу Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгуудад нарны, батарей хураагууртай цахилгаан станц байгуулах сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулахаар боллоо.
Цаашид Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад, Дорноговь аймгийн Мандах суманд дэд станц холбох нөхцөлтэйгөөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 МВт-ын салхины цахилгаан станцын аукционыг зохион байгуулах болно.
Үүгээр зогсохгүй манай улсын 330 сумын 134 нь хүчдэлийн дутагдал, улайсалттай, эрчим хүч, цахилгаан чанарын хувьд хангалтгүй байдаг. Эдгээр сумдаас эхний ээлжинд 22-т нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа. Нарны болон батарей хураагууртай цахилгаан станцуудыг сумдад, зарим сумдын хооронд байгуулна. Ингэснээр хүчдэлийн дутагдалтай, гэрэл нь улайсдаг сумдын асуудал шийдэгдэх юм" гэлээ.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-тай холбоотой асуудлаар салбарын сайд мэдээлэл өглөө.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2028 онд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж, нийслэлийн төсвөөс нийт ₮224.6 тэрбумыг зарцуулахаар баталснаас энэ онд ₮50 тэрбумыг тусгасан.
Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Аж үйлдвэрийн паркийн бэлэн бүтэц дээр хувийн хэвшлүүд мах, арьс ширний үйлдвэрүүд барихаар хөрөнгө оруулалт хийгээд ороод ирвэл нэн хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн болсон.
Монгол Улсын хэмжээнд арьс ширний зах зээлийг аваад үзвэл Улаанбаатар хотод төвлөрсөн үйлдвэрүүд Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвар сайжирсан. Нөгөө талдаа үйлдвэрүүдийг шаардлага хангасан түүхий эдээр хангах асуудал хоцрогдсон.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хэрхэн авч явах вэ гэдэгт нийслэлийн шинэ удирдлагуудтай уулзана. Нийслэлийн зүгээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк дээр анхаарал хандуулж, хэрэгжүүлэхийн төлөө явна гэсэн.
Энэ парк дээр одоо инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалт дохиолол гэсэн ажил хүлээгдэж байна. Дээрээс нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаанд явуулж буй арьс ширний 20 гаруй аж ахуйн нэгжийг нүүлгэх асуудал дээр Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам хамтарч ажиллана.
Үйлдвэрүүдийг нүүхэд шаардлагатай байгаа эргэлтийн хөрөнгө, технологийн шинэчлэлд хөнгөлөлттэй зээл өгөхөд бэлэн байгаа гэдгээ Монголын арьс, ширний холбоогоор дамжуулж олон удаагийн уулзалт зохион байгуулсан.
Ерөнхийдөө ойлголт нэг түвшинд очсон. Тэр утгаараа үйлдвэрүүдийг тасралтгүй түүхий эдээр хангах ажлыг эхлүүлэхээр зүүн гурван аймгаас үхрийн шир, Архангай аймгаас хонины нэхий авахаар бэлтгэл ажил хангагдаад эхнээсээ худалдан авалтууд эхэлсэн" гэв.






