Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ болж  байна.

Төрийн далбаа гэдэг аливаа улсын гол бэлгэдэл болдог ба далбааны өнгө, хэмжээ, дүрс болон зураглал зэрэг нь улсынх нь түүх, соёлтой нягт холбоо бүхий тайлбар, дүрслэлтэй байдаг.

 

Монгол: Төрийн далбааны өдөртэй цорын ганц улс

сонин mn

Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх хөх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байдаг.

Далбааны зүүн талын улаан дэвсгэрийн төв хэсэгт дүрсэлсэн Соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлгэдэл нь Монгол Улс эгнэгт мандан бадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайсныг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг байна. 

Монгол Улсын төрийн далбааны өдрийг Улсын Их Хурал 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг баталсан. 2009 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулдаг болжээ.

Харин 2010 оноос тухайн үеийн Монгол Улсын Төрийн ёслолын албаны дарга А.Батсайханы гаргасан санаачилгаар уг өдөр 1991 оноос хойш хийгээгүй байсан Монгол Улсын Цэргийн ёслолын жагсаалыг сэргээж, төрийн далбаагаа нийслэлийн төв талбай буюу Д.Сүхбаатарын талбайд мандуулж, хүндэтгэл үзүүлж, цэргийн ёслолын жагсаал үйлддэг болсон түүхтэй.