Зуны их засварын төлөвлөгөөт ажлын хүрээнд нийслэлийн зарим хэрэглэгчдийн халуун усны хангамжийг долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар болжээ.

Төлөвлөгөөт зогсолт №6-ын хүрээнд 1бвгд, 2б, 3аб, 5бв, 11ж магистраль шугамуудаар хангагддаг хэрэглэгчдийн халуун ус тасалдах юм.

Халуун ус хязгаарлах бүсэд:

  • Хурд, Эрэл, Жигүүр Гранд хотхон орчим
  • Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр орчим
  • Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв
  • Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар
  • СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг
  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчим
  • Төрийн тусгай хамгаалалтын газар, ОХУ-ын Элчин сайдын яам
  • Улсын их дэлгүүр, 40, 50 мянгатын орчим
  • Цагдаагийн авто бааз, Замын цагдаагийн газар
  • Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн
  • БНХАУ-ын Элчин сайдын яам, ШУТИС орчим зэрэг багтаж байна.

Засварын ажлын хүрээнд 1бвгд, 2б, 3аб, 5бв, 11ж магистраль шугамуудыг шинэчлэн, ажиллагаанд залгах ажил хийгдэнэ.

Тухайлбал, ДХ-242–ДХ-244 хооронд 2Ф350 мм голчтой 176 хос метр, ДХ-244–ДХ-249 хооронд 2Ф300 мм голчтой 362 хос метр дулааны шугамыг шинэчлэн солино. Мөн хэд хэдэн цэгийн хаалт, тоноглолыг шинэчлэх бөгөөд үүнд ДХ-11134, ДХ-5114, ДХ-569-2, ДХ-240, ДХ-196 цэгүүдийн таслах болон холбоосны хаалтууд багтаж байна. Үүнээс гадна урсгал засварын ажлууд хийгдэх аж.

Дулааны шугам сүлжээний шинэчлэлийн ажил дууссаны дараа дээрх бүсүүдийн халуун усны хангамж хэвийн үргэлжлэх юм.