Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг 2025 онд баталсан билээ.  

Манай улсын санаачилгыг 56 улс хамтран тэмдэглэхээр дэмжсэн байдаг.   Тэгвэл энэ жил бид анх удаа НҮБ-ын тогтоолтой “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.  Түмэн морьтны их жагсаалд 13 мянган морьтон ирж, Төрийн тэргүүн манлайлан оролцов. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн морьтон олны энэхүү сүрт жагсаал нь Монгол адууны сүр хүч, морьтон ард түмний өв уламжлал, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг дэлхий нийтэд таниулсан түүхэн үйл явдлын нэг байв.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр НҮБ жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг онцоллоо. “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай Монгол Улсын санаачилгад хамтран зохиогчоор нэгдсэн, дэмжсэн орнуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Төрийн сүлдэндээ хүлэг морио дээдлэн залсан монголчууд бид адууны соёл, адууны аж ахуйг өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүчин зүтгэх  учиртайг хэллээ. Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адуун сүрэг  өсөж арвижихийн ерөөлийг дахин дэвшүүллээ. 
Энэ жил манай улсаас гадна дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.   Мөн энэ үеэр хүчит бөхийн барилдаан, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан болж, 500 адуу хураан, морьтой болон явган уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зохион, морин циркийн үзүүлбэр толилууллаа. Дэлхийн 60 сая гаруй адууны таван сая гаруй нь манай улсад байдаг.  Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.


Баяр наадмын мэндчилгээндээ юуг онцлов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ жил Үндэсний их баяр наадмыг тав дахь удаагаа нээж, үг хэллээ. 2021 онд цар тахлын улмаас  баяр наадам болоогүй, өнжсөн. Тэр үед Төрийн тэргүүн долоодугаар сарын 9-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдааны индэр дээрээс үг хэлж байжээ.  Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг удаа чуулганы индэр дээрээс, таван удаа наадмын индрээс ард түмэндээ хандаж үг хэлсэн гэсэн үг.  Түүний энэ жил хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. 


- Түүх, соёл, төрт ёсны дайчин уламжлалтай тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.


-Хүннү гүрний баатарлаг түүхийг Их Эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсаа байгуулж, өрнө, дорныг төвшитгөн, наран мандах зүгээс наран шингэх хүртэлх өргөн уудам нутагт Монголын их амар амгаланг дэлхий дахинаа тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяатай.


- Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал-морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, Чингис хаан хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгосон билээ.

-Үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.

-Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.Нэгэн жаранд ганц тохиох энэ гал морин жилд Их Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

-Монголчууд бидний өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон хөгжүүлж, хүн төрөлхтний түүхэнд сүр хүчээ мандуулан, суу алдраа бадраахад монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Монголчууд биднийг, монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр амь нэг гэдгийг онцолсон юм.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин