ДҮРВЭГСЭД…
1 цагийн өмнө

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон. Хэдэн малтайгаа тэнэмэл байдлаар л амьдарч байна даа” хэмээн Ж.Гантулга өгүүлэв. Тэрээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин. Өнгөрсөн жил нүүдэллэж байх үедээ ярьсан сэтгэгдлийнх нь хамгийн тод үлдсэн хэсэг энэ.
“Бороо орсон ч цухуйхгүй (өвс)” гэж малчид ярих болжээ. Бэлчээрээ даган нүүдэллэх болсон малчид цөөхөн биш. Бэлчээрийн даац хэтэрч, ус ширгэж, ган, зуд давтагдах тусам нутгаа орхихоос өөр аргагүй болсон айл өрхийн тоо нэмэгдсээр байна. Олон улсын судалгаанд ийм хүмүүсийг ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД гэж нэрлэдэг.
Байгаль орчны доройтол, цөлжилт XXI зууны шилжилт хөдөлгөөний хамгийн том шалтгаануудын нэг болоод байна. Дайн дажин, мөргөлдөөн биднээс хол мэт санагдаж болох ч газар шим тэжээлээ алдан хатаж, ган, зуд давтагдах тусам малчид нутаг орноо орхихоос өөр аргагүй болж байна. Судлаачдын тооцоолсноор ойрын хэдэн арван жилд дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн хэдэн зуун сая хүнд хүрч болзошгүй. Энэ нь зөвхөн далайн эрэг давст усанд автах, эсвэл цөлжилт нэмэгдэх тухай асуудал биш. Харин хүн амьдрах боломжгүй болсон газраасаа нүүхээс өөр аргагүй болох тухай асуудал юм.

Тэгвэл Монгол Улсад энэ аюул хэр ойрхон байна вэ? Монголд "экологийн дүрвэгч" гэсэн албан ёсны ангилал байхгүй. Гэвч ган, зуд, усны хомсдол, бэлчээрийн доройтлоос шалтгаалан нутаг орноо орхин хот суурин газрыг зорьсон олон малчин энэ үзэгдлийн бодит жишээ болсоор байна. Бэлчээрийн доройтлоос үүдэлтэй отор нүүдэл, хүн амын шилжилт хөдөлгөөн Улаанбаатар хотын иргэн танд хэр хамаатай талаар бодож байсан уу? Малчин малаа барвал маргааш хаачих вэ? Сонголт нь ихэнхдээ төв суурин газар. Нэг бус, нэжгээд өрх нүүхийн хэрээр сургууль хаагдаж, сум эзгүйрч, дэлгүүрүүд үүдээ барина. Харин нөгөө талд төв суурин газрын хүн ам нэмэгдэж, усны хэрэглээ, сургууль, эмнэлэг, ажлын байрны ачаалал хэд дахин өснө. Газрын доройтол ийнхүү байгаль орчны асуудлаас нийгэм, эдийн засгийн асуудал болон хувирдаг.
Харамсалтай нь хүрээлэн буй орчны доройтлоос үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг Монгол Улс өнөөдөр экологийн дүрвэгсдийн тоо гэж албан ёсоор бүртгэн, хэмждэггүй. Тиймээс бодит цар хүрээ нь хэд вэ гэсэн асуултад хариулах үндэсний хэмжээний судалгаа өнөө хэр байхгүй. Харин "Монголын цөлжилт ба газрын доройтлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн тойм" судалгаанд энэ үзэгдлийн шалтгаан, үр дагаврыг 2020–2023 оны байдлаар тодорхой харуулжээ. Тоон үзүүлэлтүүдийг харъя. 2000–2023 оны хооронд 665 мянга гаруй хүн нийслэл рүү шилжин ирсэн бөгөөд жилд дунджаар 30 мянга орчим хүн хотыг зорьжээ. Мэдээж тэднийг бүгдийг нь экологийн дүрвэгч гэж үзэх боломжгүй. Гэвч ган, зуд, бэлчээрийн доройтол, малын хорогдлоос болж амьжиргааны эх үүсвэрээ алдсан олон малчин энэ урсгалын нэг хэсэг болсон нь үнэн.

Экологийн доройтол зөвхөн хөрсийг биш, хүний амьдралын хэв маягийг ч өөрчилж байна. Хөрс эвдэрч, ус татарч, бэлчээр доройтохын хэрээр олон үеэрээ өвлөн ирсэн амьдралын арга барил алдагддаг. Хүмүүс шинэ орчинд дасан зохицох уу, эсвэл нутгаа орхих уу гэсэн хоёр сонголтын өмнө ирдэг. Байгаль доройтох тусам хүн амын шилжилт хөдөлгөөн дагаж өсдөг нь дэлхийн олон орны нийтлэг дүр зураг болжээ. Энэ нь эдийн засгийн хувьд ч асар өндөр өртөгтэй. "Монголын цөлжилт ба газрын доройтлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн тойм" судалгаанаас харахад зөвхөн бэлчээрийн ашиглалтын алдагдал жил бүр ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийн хохирол дагуулж байна. Мөн усны хомсдол ус ашиглалтын зардлыг хоёр, гурван дахин өсгөж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, газрын доройтол байгаль орчны төдийгүй улсын эдийн засгийн томоохон асуудал болоод удаж байна.
Гэхдээ энэ бүхнийг өөрчлөх боломж бидэнд бий. Монголчууд хэдэн мянган жилийн турш газрын хотгор, гүдгэр, ус, ургамал, хөрс, улирлын онцлогийг уялдуулан бэлчээрээ ашиглаж ирсэн өвөрмөц мэдлэгтэй ард түмэн. Энэхүү уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, газрын менежменттэй хослуулж чадвал бэлчээрийн доройтлыг сааруулах бүрэн боломжтой. Чухамдаа КОП17 хурлаар ийм асуудлуудыг хэлэлцэж, бодит шийдлүүдийг эрэлхийлнэ. Бэлчээрийн хамтын менежмент, усны эхийг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчдын оролцоонд суурилсан шийдвэр зэрэг нь өнөөдөр хамгийн үр дүнтэй гарцын нэг болоод байна.
Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн






