Төсвийн тодотгол нэн даруй хийх хэмжээнд хүрчихсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл үүнийг дараах улсын төсвийн алдагдлаас харж болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд байгаагүй дээд түвшинд улсын төсөв  2.2 их наяд төгрөгийн  алдагдалтай гарч аюулын харанга дэлдлээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.3 (19.6%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 (11.0%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долоон сард 19.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. 2025 оны эхний долоон сард төсвийн тэнцэл 1.2 их наядын алдагдалтай байсан болон 2024 оны эхний долоон сард 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарч байжээ.

зураг

 

Татварын нийт орлого эхний долоон сард 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (10.7%) их наяд төгрөгөөр өсөхөд нийгмийн даатгалын орлого 479.0 (15.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 400.9 (12.1%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 444.5 (9.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татварын орлого 102.8 (16.2%) тэрбум төгрөгөөр буурчээ.

зураг

 

2026 оны эхний долоон сард татварын нийт орлогын 31.2 хувийг орлогын албан татвар, 23.3 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22.0 хувийг нийгмийн даатгалын орлого, 7.0 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.2 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 63.8 хувийг ААНОАТ, 36.2 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.

зураг

 

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 7 сард 19.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 (15.5%) их наяд төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 1.1 (18.3%) их наяд төгрөг, хөрөнгийн зардал 858.8 (31.8%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 551.0 (8.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

2026 оны эхний 7 сард нийт зардалд урсгал шилжүүлэг 38.5 хувь, бараа үйлчилгээний зардал 35.2 хувь, хөрөнгийн зардал 18.4 хувь, хүүгийн зардал 4.9 хувь, татаас 3.1 хувийг эзэлж байна.

Хөрөнгийн зардал 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 858.8 (31.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд барилга байгууламжийн зардал 645.6 (33.0%) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 65.7 (36.5%) тэрбум төгрөгөөр их засварын зардал 42.7 (32.4%) тэрбум төгрөг, бусад хөрөнгийн зардал 87.5 (20.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэсэн үг.

зураг