Монгол эрчүүд ч дээ хөөрхий, бүх юманд хориотой
56 минутын өмнө

За баавгай орж иржээ. Манай хэдэн майга бор бол бараг биш юм шиг байна. 1980-аад оны үед буюу 1986 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гаргасан тооцоогоор Монгол оронд 500 орчим хүрэн баавгай бий гэж таамагласан.
Албан мэдээнд ойн хүнс тэжээл (хушны самар) дутмаг болсноос болон хойд хөршөөс орж ирсэн шалтгаанаар баавгайнууд хүн амын суурьшлын бүсэд ойртох, говийн бус хангайн 12 аймагт баавгай үзэгдэх тохиолдол эрс нэмэгдээд байна гэжээ. Энэ дор хаяж тавиад баавгай талаар тэнэж яваа байлгүй. Таван зуун баавгайны хэд нь орж ирээд хэд нь тэр ойн тагдаа үлдэх вэ дээ. Тэгэхлээр Сибирийн баавгай гэдэг нь ортой. Баавгай орж ирэх нэг хэрэг, тэрийг үргээх ямар ч арга байхгүй байгаа нь гачлантай. Буудаж болохгүй шоронд явна. “Нэн ховор зүйлийн амьтан” гэсэн ангилалд байдаг гэнэ. Гэр бүлээ эрчүүд хамгаалах ёстой. Энэ баавгайтай одоо эрчүүд бид л тулах үүрэгтэй. Одоохондоо энэ тал дээр ямар ч “жендер” байхгүй. Өөр юмнууд дээр “жендер ”мендер гээд эмэгтэйчүүд давуу эрхтэй болчихоод байгаа л даа. Бараг хүүхэдтэй болгохоос бусад нь эмэгтэйчүүдийн ажил болсон. Харин баавгай дээр бол яалт ч байхгүй эрчүүд л явж таарах гээд байна. Гэвч алж болохгүй, гэр бүлийнхээ өмнөөс харин баавгайд идүүлж болох юм шиг байна. Яагаад гэвэл монгол эрчүүд ямар “нэн ховор зүйлд” нь ч орох биш. Хаа сайгүй л байдаг“ хар юмнууд ” ангилалд орох байх. За одоо баавгайд бол дүүрч гэж бодъё. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын хэлсэн үгийг та бүхэн юу гэж боддог бол гэсэн юм байх. Тэрбээр хэлэхдээ “казах бүсгүйчүүд цус ойртохоос сэргийлж Казахстанаас эрчүүд авч ирж үржил селекцын ажил хийнэ” ч бил үү ярьсан даа.
Яалт ч үгүй тэгж хэлсэн. Тэгвэл Монголд байгаа сая гаруй эр одоо яачихсан юм бэ. Тэдэнтэй нөгөө сайдын хэлсэн “селекц” ямар юм билээ тэрийг нь хийж болдоггүй хэрэг үү. Монгол эрчүүд яачихсан болоод ингэж “хоригт” орж байгаа юм бэ. Хөөрхий минь бид ч дээ, юм болгоны “хоригт” орчихсон.
Ж.САНДАГДОРЖ






